m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.11.18 10:26
909
Zangia.mn: Их сургуулиудад 254 сая төгрөгийн үнэ бүхий цалингийн судалгаа хандивлалаа

Хөдөлмөрийн зах зээлийн бодит өгөгдөлд тулгуурласан боловсролын шинэ алхмыг www.zangia.mn платформ санаачиллаа. 

Монголын тэргүүлэгч ажил, мэргэжлийн платформ Zangia.mn боловсролын байгууллагуудын судалгааны чадавхыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн боловсролын чанарыг сайжруулах зорилгоор нийт 254 сая төгрөгийн үнэ бүхий 2021–2024 оны есөн салбарын цалингийн судалгааны тайланг Монголын их, дээд сургуулиудад хандивлалаа.

Энэхүү санаачилга нь боловсролыг хөдөлмөрийн зах зээлийн бодит өгөгдөлтэй уялдуулах, оюутнуудад судалгаа, хөгжлийн шинэ орон зай нээх зорилготой юм.

Судалгаа хүлээн авсан сургуулиуд

  1. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХИС)
  2. Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)
  3. Монгол Улсын Их Сургууль (МУИС)
  4. Монголын Хүний Нөөцийн Удирдлагын Шинэчлэлийн Академи
  5. Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС)
  6. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)
  7. Хүрээ Мэдээлэл Холбоо, Технологийн Дээд Сургууль
  8. Их Засаг Их Сургууль
  9. Отгонтэнгэр Их Сургууль

Судалгааг сургууль тус бүрийн мэргэжлийн салбарын онцлогоос хамааран хандивлав.

Судалгааны арга зүй

Zangia.mn-ийн цалингийн судалгаа нь жил бүр эрэлттэй, тусгай сонгогдсон салбаруудын ажлын байр дээр боловсруулагддаг бөгөөд:

  • Жил бүр дунджаар 6 салбар (жишээ нь: мэдээллийн технологи, банк санхүү, үйлдвэрлэл, худалдаа, боловсрол, үйлчилгээ гэх мэт),
  • Салбар бүрд 20 байгууллага,
  • Нийтдээ 800 гаруй ажлын байрны өгөгдөлд тулгуурлан хийгддэг.

2021-2024 оны хүрээнд хийгдсэн судалгааны салбарууд:

  1. Барилгын салбар
  2. Санхүүгийн салбар
  3. Мэдээллийн технологийн салбар
  4. Даатгалын салбар
  5. Худалдаа, борлуулалтын салбар
  6. Уул уурхайн салбар
  7. Уул уурхайн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтийн салбар
  8. Үйлдвэрлэлийн салбар
  9. Хүнсний үйлдвэрлэлийн салбар

Судалгаанд багтсан өгөгдөл нь ажил мэргэжлийн цалингийн дундаж, хамгийн их ба хамгийн бага түвшин, урамшууллын бүтэц, ажлын байрны хангамжийн түвшин, цалингийн өсөлтийн хандлага, ажлын туршлага ба ур чадварын шаардлагын уялдаа зэрэг олон үзүүлэлтийг хамардаг. Тус судалгааны онцлог бүрийн харгалзан холбоо хамааралтай сургуулиудад зориулсан зорилтот мэдлэгийн санг их дээд сургуулиудад гардуулан өглөө.

Энэхүү санаачилга нь:

  • Их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бодит өгөгдөл дээр тулгуурлан хөгжүүлэх,
  • Оюутнуудыг ажил мэргэжлийн чиг баримжаа болон хөдөлмөрийн зах зээлийн бодит нөхцөлд бэлтгэх,
  • Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах боломжийг олгож байна.

Zangia.mn нь:

“Цалин, хөдөлмөрийн зах зээлийн бодит өгөгдөл нь хүний нөөцийн боловсролын хамгийн үнэ цэнтэй эх сурвалжуудын нэг. Бид оюутнууд, судлаачид, багш нар бодит өгөгдөл дээр ажилласнаар шинэлэг сэтгэлгээ, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхэд туслахыг зорьж байна.”

Zangia.mn нь 2025 онд “Ажилтай оюутан” хөтөлбөрийн хүрээнд дээрх их, дээд сургуулиудтай хамтран ажилласаар байна.

Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь:

  • Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дадлагын байр нэмэгдүүлэх;
  • Төгсөгчдөд байнгын болон цагийн ажлын боломжууд бий болгох;
  • Хөдөлмөрийн зах зээлийн өгөгдөлд тулгуурласан сургалт, судалгааг хөгжүүлэх;
  • Testly платформоор хэлний болон компьютерын ур чадварын түвшинг тодорхойлох, сайжруулах;
  • Zangia Academy-ийн цахим сургалтаар шаардлагатай ур чадвараар оюутнуудыг хангах.

Сургуулиудын хамтын ажиллагаагаар:

  • Оюутнуудыг Zangia.mn платформд нэгдүүлэх,
  • Мэргэжлийн чиглэлд тохирсон дадлага, ажлын байрны мэдээлэл хүргэх,
  • Карьерын чиг баримжаа, ур чадварын үнэлгээний системийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах болно.

254 сая төгрөгийн үнэ бүхий судалгааны тайлангийн хандив болон түүнтэй уялдсан хамтын ажиллагааны санамж бичгүүд нь Zangia.mn-ийн боловсролын салбарт оруулж буй бодит дэмжлэгийн тод илрэл юм.

Энэхүү санаачилга нь “Ажилтай оюутан” хөтөлбөрийг их, дээд сургуулийн түвшинд хэрэгжүүлэх суурь нөхцөл болж, оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээлэл, дадлага, ажлын боломж, ур чадварын хөгжлийн экосистемд нэгтгэх стратегийн эхний алхам боллоо.

Zangia.mn нь цаашид Их сургуулиудтай хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийн бодит дүн шинжилгээ, судалгаанд суурилсан хүний нөөцийн боловсролыг хөгжүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.