

Эрх баригч МАН-ынхан “Буянт-Ухаа” спорт цогцолборт хоёр өдөр хуралдаж даргаа сонгож, дүрмээ шинэчлэв. Дүрэмдээ өөрчлөлт оруулахдаа “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэдэг заалтыг хөндөлгүй орхижээ. МАН-ын үндсэн дүрмийн 24.3-т буй дээрх зохицуулалт нам, төрийн өндөр албан тушаалыг нэг хүн хамтад нь хаших боломжийг нээж өгсөн атлаа түүнээс хойш гарч болох аливаа харилцааг зохицуулаагүй орхисон нь ийнхүү “хэрүүлийн алим” болсон. Тухайлбал, сонгууль болоогүй үед, бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадалгүй Ерөнхий сайд огцорвол дараагийн Ерөнхий сайдыг сонгоход “сонгуульд намаа олонх болгосон” гэдэг шалгуур утгагүй болж хувирна. Энэ тохиолдолд хэрхэх вэ гэдэг дээр МАН-ын дүрэмд ямар ч зохицуулалт байхгүй. Тиймээс “Ерөнхий сайд заавал намын дарга байх албагүй”, “Намын дарга заавал Ерөнхий сайд байх албагүй” гэдэг мэтгэлцээн тал еэвэнгийн үлгэр шиг толгой эргүүлж байна.
Уг нь 24.3 дахь заалтыг “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Хэрвээ Ерөнхий сайд огцорвол дараагийн Ерөнхий сайд намын дарга байх шаардлагагүй” гэх мэтээр илүү нарийн бөгөөд ойлгомжтой, тодорхой болгож өгөх байсан юм.
