Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдаж, С.Баатарсүрэнг гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсан З.Нарантуяа нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр томилогдсон бөгөөд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон, олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бондыг арилжсан болон банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, балансын алдагдлыг тэнцвэржүүлэх зэрэгт анхаарал хандуулан ажилласан. Эдгээр ажлыг үргэлжлүүлж, банкны нэр хүндийг өсгөх, үр ашгийг нэмэгдүүлэн ажиллахыг шинээр томилогдсон гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээс хүслээ.
С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2007-2009 онд "Зоос" банканд эрсдэлийн эдийн засагч, ахлах эдийн засагч, 2009-2016 онд Монголбанканд хянан шалгагч, Банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банкны хэлтсийн захирал, 2021 оноос хойш Хадгаламжийн даатгалын корпорацад гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай.