

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал солилцох уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт МҮХАҮТ, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Стандарт хэмжил зүйн газар болон ОУ-ын судлаачид оролцож санал солилцлоо.
Тамхины хяналтын тухай хуульд бизнес эрхлэгчид, олон нийтийн саналыг оруулаагүй, хангалттай судалгаа шинжилгээ, үнэлгээ хийгдээгүй, хэт нэг талын байр суурийг баримталсан өрөөсгөл хуулийн төсөл болсон гэж талууд үзэж байна. Нэмэлт өөрчлөлт оруулж буй хуулийн төсөлд тамхины онцгой албан татварыг огцом өсгөх нь бизнес эрхлэгчдэд дарамт болж, хууль бус хар зах зээл бий болох эрсдэлтэйг онцлов. ОУ-д тамхины онцгой албан татварыг нэмдэг. Харин хэзээ ч 2 дахин огцом нэмдэггүй байна. Өөрөөр хэлбэл ОУ-ын туршилга бол гэнэтийн байдлаар татварыг өсгөх бус шат шатаар удаан хугацаанд нэмдэг аж. Мөн тамхи тамхин бүтээгдэхүүн бүгдэд нь татвар төлөх ёстой.
“The M Group”-ийн ерөнхийлөгч Hafiz Firoz Choudhury: Монгол Улсад хуурамч тамхины худалдаа бага ч татвар дахин нэмэгдвэл энэ зах зээл нэмэгдэх эрсдэлтэй

-Монгол Улсын хувьд бүс нутагтаа хууль бус тамхины худалдаа бага, ЗГ онцгой албан татвараас хангалттай орлого бүрдүүлж чаддаг. Жил бүрийн датаг харвал тамхин бүтээгдэхүүнээс олох орлого жил бүр буурах, жилд дунджаар хоёр сая ам.доллараар буурсан байна. Одоогийн татварыг хоёр дахин өсгөх нь хууль бус зах зээл гарч ирэх эрсдэл дагуулна. Олон улсын сайн туршлагаас харахад нэг дор гэнэт биш шат шаттайгаар, тууштай нэмсэн нь бий. Бүх тамхи, тамхин бүтээгдэхүүн татвар төлөх ёстой. Вап бүтээгдэхүүн мөн үүнд хамаарна. Үе шаттайгаар татварыг ихэсгэх нь ард түмэнд ээлтэй, инфляцитай уялдуулж бага багаар нэмэх нь илүү зөв сонголт байдаг. Бусад улсын хувьд тамхины татварыг ихэсгэж, бууруулж явдаг. Гэвч нэг дор хоёр дахин шууд нэмсэн орныг би өмнө нь сонсоогүй. Татварыг нэмж байгаа үндсэн зорилго нь үр хүүхдээ тамхинаас хол байлгах, эрүүл мэндийг нь хамгаалахын тулд. Ингэж гэнэт нэмснээр хуурамч тамхины зах зээлийг бий болгох эрсдэлтэй.
УБ хотын худалдааны танхимын захирал Б.Хаш-Эрдэнэ: Хууль бус худалдаа үүсвэл үүнийг барьж хориглох нөхцөл манай улсад маш бага

-Хувийн хэвшлийнхэн тамхинд ногдуулах татварыг эсэргүүцээгүй. Харин гэнэт их хэмжээгээр биш үе шаттайгаар эсвэл индексжүүлэх байдлаар нэмэх саналтай байна. Зарим улс орнуудад тамхины татварыг жилд 4-5 хувиар нэмдэг нь зах зээлд гэнэтийн шок өгөхөөс хамгаалдаг байна. Тамхи хэдийгээр эрүүл мэндэд муу боловч зах зээлд борлуулагддаг бүтээгдэхүүн. Иймээс гэнэт их хэмжээний татвар тавих нь хэрэглэгчдэд хэрэглээний шок үүсгэх эрсдэлтэй. Нөгөө талаас хууль бус тамхины худалдаа үүсэх эрсдэлтэйг олон улсын байгууллагын судлаачид ч хэлж байна. Хууль бус худалдаа үүсвэл үүнийг барьж хориглох нөхцөл, боломж маш бага гэж харж байна. Хууль бус худалдаатай тэмцэх зардал нь өнөөдрийн татвар нэмэх ашгаас хэд дахин их гарах учраас татварыг үе шаттайгаар бага хувиар нэмэх саналыг хувийн хэвшлийнхэн тавьж байгаа.
-Тамхины хяналтын тухай хуульд хувийн хэвшил ямар санал өгч байна вэ?
-Электрон тамхийг цахилгаан бараа гэж оруулж ирж байгаагаас эдгээр бараанд онцгой албан татвар ногдуулж, зохицуулалтанд оруулах ёстой.
