Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
635
Ирэх жил эдийн засаг яах вэ...

-Сэргэлт үргэлжилнэ-

Хувь хүнээс эхлээд айл өрх, аж ахуйн нэгж, улс орон бүр өөрсдийн эдийн засгийн төлөв, таамгаа урьдчилан тодорхойлж, замын зургаа гаргадаг. Тулгарч болох хол, ойрын эрсдэл, саад, эмзэг байдлаа тооцоолж, хүрэх зорилтоо нягтлан эрэмбэлж, төсөв, төлөвлөгөөгөө өрж эхэлдэг билээ. Ийм байдлаар шинэ оны өнгийг шинжиж, амжилт, ололтоо дүгнэж цэгнэдэг. Айл өрхүүд томоохон дүнтэй худалдан авалт, шинэ хөрөнгө оруулалт, урсгал зардлаа “долоо хэмжиж”, өрхийн төсвөө чамбайруулдаг. Ирэх жилдээ бэлтгэж, хувь, хувьсгалаа давхар, давхар зураглан төлөвлөж байгаа хүн бүхэнд энэхүү тоймыг зориулав.

2026 оны босгыг бид тун удахгүй давна. Ямар эдийн засаг угтах бол... Энэ асуулт олон хүний дотор эргэлдэж, хариулт нэхнэ. Сайн мэдээнээс эхэлье. Нэгт, 2026 онд эдийн засгийн өсөлт үргэлжилнэ. Өнөөгийн байдал дордохгүй. Хоёрт, уул уурхайн салбар тууштай сэргэнэ, Гуравт, санхүүжилтийн өртөг буурч, бизнесийн зээл нэмэгдэнэ. Хөгжиж буй орны хувьд эдийн засаг өсөх, ДНБ тэлэх нь урагшилж байгааг илтгэх нэг ахиц дэвшил, хэмжүүр юм.

Уул уурхай сэргэнэ гэдэг эдийн засаг сайжрах угтал. Монгол Улсын зээлжих зэрэглэл энэ онд шат ахиснаар ирэх жил хөгжлийн санхүүжилт хямдаар татан төвлөрүүлэх боломж бий болж байна. Энэ байдал дотоодод бизнесийн зээлийн өсөлтийг дэмжих хөшүүрэг юм. Бизнесийн зээлийн олдоц, хүртээмж нэмэгдэх нь бодит эдийн засгийг дэмждэг зүй тогтолтой.

Ойртож буй оныг дараах хэд хэдэн үгээр тодорхойллоо. Үүнд, Идэвхжих, Боломж, Өсөлт, Зэс, Алт, Тогтворжих, Сайжрах гэсэн үгс бусдаасаа тодорч, гутранги байдлыг өргөнө. 

Өсөлтөө хадгалах өнөөдрийн эдийн засаг цаашид улам идэвхжих, бизнесийн үйл ажиллагаа илүү эрчимжих, өнгөрсөн хугацаанд бий болсон тодорхой бус байдлын манан сарниж, өрнүүн байдал эргэн ирэх дохио зах зээлд хангинаж байна. Энэ таатай байдал руу зах зээлийн тогтвортой эрэлт биднийг хөтлөхөөр байна. Ингэж үзэх нэг үндэслэл нь ХААН Банкны "2026 оны эдийн засгийн төлөв байдлын тайлан" юм.

2.9 сая харилцагчтай ХААН Банк “Эдийн засгийн төлөв байдлыг тайлан”-гаа гурав дахь жилдээ олон нийтэд танилцуулж, банкны системийн нөлөө бүхий тоглогч эдийн засгийг хэрхэн харж байгаа гэдгээ харилцагч нартаа тайлагнав. Бизнесүүд макро эдийн засгийн байдлаа харж байж л маргаашаа төлөвлөж, хариу үйлдэл хийнэ. Эрсдэл, ашиг, алдагдлаа хэмжинэ.

Дэлхийн эдийн засагт өнгөрсөн хугацаанд тодорхой бус “уур амьсгал” ноёлж, тэргүүлэх эдийн засгууд хоорондоо тарифын маргаан өрнүүлж, худалдааны дайн сунжирсан. Геополитикийн эрсдэлүүд, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт, ногоон технологи, хиймэл оюун ухаан, түүхий эдийн шинэ эрэлт, гинжин хэлхээ гээд эдгээр сэдэв ирэх онд ч өвлөгдөхөөр байна. Олон улсын худалдааны хурцадмал байдал намжсан ч ээдрээ, сорилтууд шинэ тутам тулгарч, эл байдал дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш чангаах байдал арилсангүй.

Гадаад ертөнц олон өнгөтэй. Түүн дотроос АНУ, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн шүтэн барилдлага хэрхэн эвлэн тэнцвэржих эсэхээс Монголын эдийн засгийн өнөө, маргаашийн дүр зураг тодорч харагдахаар байгаа юм. Уул уурхай түшсэн эдийн засагтай, экспорт нь төрөлжиж амжаагүй манай улсын хувьд урд хөршийн эдийн засгийн шилжилт, өөрчлөлт онцгой байр суурь эзэлнэ.

Экспортын орлогын үнийн дүн, биет хэмжээг бид биш үнэндээ тэд цагаа тулахад тодорхойлдог учраас Хятадын эдийн засаг, таван жилийн төлөвлөгөөг анзаарч харах нь чухал болж байна. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд эдийн засаг ирэх жил муугүй байхаар байгаа юм. Учир нь, БНХАУ-ын гангийн салбар илүүдэл хүчин чадлаа бууруулахаар зорьж байгаа ч Монгол Улсаас коксжих нүүрс импортлох сонирхол нь өндөр хэвээр байна.

2026 онд Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний экспортын хэмжээ 2025 оны түвшинд хадгалагдах, үнийн хэлбэлзэл харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна. Ирэх жил манайх 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэсийн баяжмал экспортлох төсөв баталж, эдийн засгийн өсөлтийг 5.7 хувиар Сангийн яам тооцсон. Нүүрсний экспорт саадгүй, үнэ нь тогтвортой байвал Монголын эдийн засаг өсөлттэй, төсөв нь орлоготой байдаг.

Өнөөдрийн эрчээ манай улсын эдийн засаг алдахгүй бөгөөд харин ч бататгах, орон зайгаа өргөтгөх, өсөлт улам тогтворжих, экспорт төрөлжих найдвар байна. Эдийн засгийн өсөлтийн тулгуур багана нь уул уурхай хэвээр бөгөөд уул уурхайг дагасан тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарууд идэвхжин сэргэж, эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй байна.

Коксжих нүүрсний эрэлттэй хамт зэсийн экспорт эдийн засагт хүч түрэн орж ирэхээр байна. Оюу толгойн гүний уурхай бүтээн байгуулалтаас тогтвортой олборлолт руу бүрэн шилжиж, 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500 мянган тонн зэс үйлдвэрлэх зорилгодоо эргэлт буцалтгүй ороод байна.

Удаах хүчин зүйл бол алт. Алтны үнэ 2025 онд түүхэн оргил цэгтээ хүрээд буй. Унц нь 4000 ам.долларын босгыг давж, 2026 онд унц нь 4900, цаашилбал 5000 ам.долларт хүрнэ гэсэн таамгуудыг олон улсын эрдсийн шинжээчид дэвшүүлсээр байгаа. Шаргал металлын ханш энэ он гарсаар 50 гаруй хувийн өсөлт үзүүлж, урьдын таамгийг үндсээр нь өөрчилж, хөрөнгө оруулагчдыг араасаа хуйлруулсан.

Улс орнуудын төв банкууд, Хөрөнгө оруулалтын сангууд алтыг баталгаатай хөрөнгө оруулалт хэмээн үзэж байна. Манай улсын хувьд алтны үнэ өндөр байгаа энэ цаг үед “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадвал алтны үндсэн ордуудыг эдийн засгийг эргэлтэд оруулж, экспортын орлогыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг өсгөх боломжтой юм. Энэ бүхэн эдийн засгийг ихээхэн өөдрөг харах хөрс суурь болж, макро эдийн засгийн бусад үзүүлэлт ч тогтворжих эерэг хүлээлт бий болгож байна. Эрсдэл, боломж үргэлж хамт байдаг. Ирэх оны эдийн засгийн гол эрсдэлд БНХАУ-ын эдийн засгийн удаашрах төлөв, геополитик болон дотоодын улс төр, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн байдал хүндрэх эсэх, инфляц ужгирч, өндөр түвшинд хадгалагдах нөлөөлөл багтжээ.

Б.Баяртогтох