m.mn
түрүүлж мэдээлнэ
Баялаг бүтээгч
2 цагийн дараа
98
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” дараагийн 10 жилийг чинээлэг дундаж давхаргатай Монголыг бий болгох том амбицтайгаар эхлүүлж байна

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" тэртээ 10 жилийн өмнө буюу 2015 онд төрийн ордонд анхны хурлаа хийснээр үүсгэн байгуулагдаж, түүхийн хуудсаа эхлүүлж байсан юм. 21 аймаг, 330 сумын хаа нэгтээ өрхийн үйлдвэрлэл эрхэлж, төр нь тоодоггүй, ЖДҮ-ийн зээл нь эзэддээ очдоггүй байсан тэр үед “Баялаг бүтээгч” гэх цэнхэр логог алдаршуулж, Etv, MassTV-ээр үйлдвэрлэгчдээ дэмжин сурталчилж тэдний зүрхэнд гал асааж, үндсэрхэг худалдан авагч бэлдсэн юм.  2015 оноос хойшхи 10 жилийн хугацаанд Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийг 2019 онд баталж, ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл эзэддээ очдоггүй, эргэн төлөлт хийгддэггүй байсанд хяналт тавьж, далд байсан мэдээллийг ил тод шилэн болгосон гээд арван жилийн түүхэн үүргээ гүйцэтгэжээ.

Тэгвэл өнөөдөр арван жилийн ойгоо "Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө" уриан дор  "SME-2025" форум хэлэлцүүлэг өрнүүлж, төр хувийн хэвшлийн 300 гаруй төлөөлөгчийг МҮХАҮТ-ийн их танхимын зааланд нэгэн дор цуглуулж, 10 жилийн туршлага, алдаа оноогоо хуваалцаж, дараагийн 10 жилийн төлөвлөгөөгөө ярилцлаа. 

Форумын хүрээнд "Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө", "ЖДҮҮ-ний хөгжлийн боломжууд, төрийн бодлоготой уях", "ЖДҮ эрхлэгчдийн бодит амьдрал, Амжилт сорилт ба экспортын боломж" нэртэй гурван хэлэлцүүлэг өрнүүлж, төрийн зүгээс ямар бодлого явуулж байгааг тодорхойлсон бол хувийн хэвшлийнхэнд ямар саад бэрхшээл байна, төрөөс ямар бодлого, дэмжлэг хүсч байгаагаа хэлж ойлголцсон форум болж өндөрлөлөө. 

Монголын жижиг дунд үйлдвэр үйлчилгээний тэргүүн, СГЗ, Доктор, Профессор Ч.Даваабаяр: Нийгмийн захиалгаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдсан

-Хоёр жилийн хугацаанд Монгол Улсыг хоёр бүтэн тойрч 400 гаруй баялаг бүтээгчдийг сурталчилж, 1000 гаруй баялаг бүтээгчийг холбоондоо элсүүлсэн. Энэ салбар хаягдсан, орхигдсон байсныг нэгтгэснээр нийгмийн захиалга, ард түмний хүсэлтээр холбоо маань бий болсон. Гэртээ гутал оёдог, цаг засдаг, дугуй засвар ажиллуулдаг жижиг бизнес хүний анхааралд өртдөггүй ч бүгд нийлбэл нийт ажиллах хүчний 70-80 хувийг эзэлдэг. Тиймээс энэ салбар аль ч улс орны стратегийн маш чухал салбар байдаг. 

ББДХ-ны анхны гишүүдийн нэг "Монгол ванн" компанийн захирал Ж.Мөнхцэцэг: 10 жилийн хугацаанд хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлд итгэж, худалдан авалт хийдэг болсон  

 -Надад тулгарч байгаа асуудал тэр хүмүүст ч адилхан тулгамдаж байсан.  Тулгамдаж байгаа асуудлынхаа талаар мэдээлэл авахаар бид анх цугларч, хоорондоо танилцаж танилын сүлжээ бий болж эхэлсэн. Асуудлаа яриад л тараад байхгүйн тулд холбоо болж нэгдэх хэрэгтэй юм байна гэж ярилцаад 2015 оны зун 500 гаруй төлөөлөгчөө оролцуулсан их хурлаа хийж байсан. Ингээд холбоогоо үүсгэн байгуулж, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгоод холбооны түүх эхэлсэн. 10 жилийн өмнө хэрэглэгчид үнэ хямд бүтээгдэхүүн сонгодог байсан бол одоо чанартай бол үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болсон. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчид чанартай бүтээгдэхүүн хийж чадвал худалдан авагчид, үндэсний үйлдвэрлэлээ дэмжигчид бий болсон. 

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Жижиг дунд бизнестэй холбоотой татварын маш олон дэмжлэг байдаг. 2019 онд манай улс татварын өргөн хүрээтэй реформыг хийсэн байдаг. Энэ реформ жижиг дунд үйлдвэрийн татварын ачааллыг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээ орсон. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой компаниудын орлогын татвар 1 хувийн ачаалалтай болсон”гэлээ.

Манай улс 1,3 сая ажиллах хүчний хүчтэйгээс ЖДҮ-ийн салбарт 60 хувь нь ажиллаж байна. Нийт ААН-үүдийн 90 хувь буюу 76,000 орчим нь жижиг, дунд үйлдвэрлэгч бөгөөд эдгээр нь ДНБ-ийн 90 орчим хувийг бүрдүүлж, улс орны эдийн засгийн маш том ачааг нуруун дээрээ үүрч яваа чухал салбарын нэг. Иймээс ч төр засгийн онцгой бодлого, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, хөнгөлөлттэй зээл тусламж жижиг дунд үйлдвэрлэгчдэд ус агаар мэт хэрэгтэй юм. Иймээс төрийн бодлого гаргагчид юу бодож, ажлын төлөвлөгөөнд нь юу юу орсныг бизнес эрхлэгчдэд таниулсан цагаа олсон  форум болсныг оролцогчид, бизнес эрхлэгчид хэлж байлаа. 

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ийнхүү өнгөрсөн арван жилийн түүхээ дүгнэж, дараагийн 10 жилийн хуудсаа олон улсын нэршил болох Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний холбоо нэртэйгээр эхлүүлж байна. Тэдний тавьж буй зорилт ч мөн ЖДҮ-ийг томруулъя, Чинээлэг дундаж давхаргатай монголыг бий болгох том амбиц урдаа дэвшүүлжээ.