

ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед эрчим хүчний салбарт үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах талаар яригдах боллоо. Энэ чиглэлд Эрчим хүчний зохицуулах хорооноос ямар алхмуудыг хэрэгжүүлж байна вэ?
-Эрчим хүчний салбарт үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах асуудал бол хамгийн тулгамдсан сэдэв. Эрчим хүчний зохицуулах хороо энэ чиглэлд хэд хэдэн бодитой арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна.
Нэгдүгээрт, хямд өртөгтэй эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч худалдан авах зарчмыг баримталж, эрчим хүчний өртгийг бууруулах алхам хийсэн. Хоёрдугаарт, үйлдвэрүүдийн өөрийн хэрэгцээний хэрэглээг оновчтой болгох, өөрөөр хэлбэл цахилгаан үйлдвэрлэж байгаа станцууд өөрийн дотоод хэрэглээг багасгаж, илүү их эрчим хүчийг хэрэглэгчдэд нийлүүлэхэд анхаарч байна. Гуравдугаарт, дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулах чиглэлд онцгой анхаарлаа. Жишээлбэл, энэ онд компаниудын дотоод хэрэгцээ болон дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулснаар 17 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж байна. Энэ бол хэрэглэгчдийн төлж буй мөнгөний тодорхой хэсгийг илүү үр ашигтай зарцуулах бодит жишээ гэж ойлгож болно. Мөн манай улсын цахилгаан түгээлтийн алдагдлын дундаж хэмжээ 2023 онд 9.3 хувь байсан бол 2024 онд 8.7 хувь болж буурсан.
Энэ бүхнээс ч илүү чухал нь бид хамгийн түрүүнд ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.
-Ухаалаг тоолуур суурилуулснаар танай салбарт ямар давуу байдал үүсэх вэ?
-Бид зөвхөн ухаалаг тоолуур суурилуулахаас гадна төлбөрийн ухаалаг сүлжээг нэвтрүүлнэ. Ингэснээр салбарын хувьд төлбөр тооцоо цахимжиж илүү хялбар болно, өөрөөр хэлбэл байцаагч заавал хэрэглэгчдээр явж бичилт хийх шаардлагагүй болно, орон тоо болон зүй бусын алдагдал буурна, хөгжлийн дараагийн шат буюу эрчим хүчний бөөний зах зээлд шилжихэд суурь нөхцөл хангагдана, эрчим хүчний чанарын үзүүлэлт сайжирна.
-Тэгвэл хэрэглэгчдэд ямар ашигтай вэ? Зарим хэрэглэгч шинэ тоолуур суурилуулснаар эрчим хүчийг илүү хязгаарлах боллоо гэх юм?
-Ухаалаг тоолуур нэвтэрснээр хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд олон эерэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Юуны өмнө хэрэглээ бодит цаг бүрд бүртгэгдэж, төлбөр тооцоо үнэн зөв, ил тод болно. Өмнө нь хүн очиж заалт авахдаа алдаа, өмнөх бичилт, дараагийн бичилт зөрүү гаргах, маргаан үүсэх тохиолдол байдаг, хэрэглэгч өөрийнхөө тоолуурын заалтыг хянах боломжгүй ч газрууд бий, тэгвэл ухаалаг тоолуурын систем нэвтэрснээр бүх мэдээлэл шууд төв системд дамждаг тул ийм асуудал гарахгүй.
Мөн хэрэглэгч цахилгаанаа хэрхэн, хэдийд илүү ашиглаж байгаагаа өөрөө харж, хэрэглээгээ ухаалагаар төлөвлөх боломжтой болно. Эдгээр тоолуурыг банкны системтэй холбож өгснөөр гар утаснаасаа хаанаас ч хэрэглээ хянах, төлбөрөө төлөх, таслах залгах үйлчилгээ авах, хүсвэл урьдчилсан төлбөрийн горимоор цахилгаанаа цэнэглэх боломж нээгдэж байгаа нь үйлчилгээний чанар сайжирч, илүү хялбар болж байна гэсэн үг шүү дээ.

Цахилгаан тасарлаа гэхэд хүлээж цөхөрдөг үе ард үлдэж, таслалт, залгалтын үйлчилгээг шууд зайнаас хийх боломжтой болохоор байна. Хэрэглэгчийн хувьд энэ нь хүнд суртал багасаж, илүү хурдан, найдвартай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Ухаалаг тоолуур нь хэрэглэгчдийг зөвхөн хэрэглээгээ хянахаас гадна хэмнэлт хийх соёлыг төлөвшүүлэхэд чиглэдэг. Хэн илүү хэмнэлт гаргана, тэр хүн илүү бага төлбөр төлнө, цаашлаад урамшуулал авах боломж ч бүрдэнэ. Энэ нь зөвхөн өрхийн төсөвт төдийгүй улс орны хэмжээнд эрчим хүчний оргил ачааллыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой.
Харин таны хоёрдох асуултын хувьд өнгөрсөн өвлийн ачааллын үед ухаалаг тоолуур тавьсан айлуудад хэрэглээний хязгаарлалт хийсэн тохиолдол гарсан. Бид энэ асуудлыг Эрчим хүчний сайдад албан тоот хүргүүлж, сайдын зүгээс энэ хязгаарлалтыг зогсоосон байдаг. Бид том зорилт тавиад шинэчлэлийг эхлүүлж байхад тоолуурын зөвхөн нэг функцыг ашиглаад хэрэглэгчийг эрчим хүчээр хязгаарлаж таслана гэдэг буруу зүйл юм. Цаашид ийм зүйл гарахгүй байх ёстой.
-Ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэхэд Эрчим хүчний зохицуулах хорооноос ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос ухаалаг тоолуурт шилжүүлэх ажлыг 2023 оноос эхлүүлсэн. Манай улсын хэмжээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ 1 сая гаруй цахилгааны тоолуур ашиглагдаж байгаа бөгөөд үүнээс 38 хувь нь буюу 386 мянга нь ухаалаг тоолуурт шилжээд байна. Энэ бол богино хугацаанд хэрэгжүүлсэн томоохон ахиц бөгөөд 2025 оны эцэст 50 гаруй хувийг ухаалаг тоолуурт шилжүүлэхээр ажиллаж байна. Цаашлаад 2028 он гэхэд бүх хэрэглэгчийг үе шаттайгаар ухаалаг тоолуураар хангах зорилтыг дэвшүүлээд ажиллаж байна. Уул нь энэ ажлыг богино хугацаанд нэг дор нэгдсэн төсөл хэлбэрээр хийж хэрэгжүүлбэл илүү үр дүнгээ өгнө. Гэхдээ бидэнд одоохондоо тийм боломж байхгүй тул түгээх сүлжээний алдагдлыг бууруулж, тэр хэмжээгээр хөрөнгийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байна.
Олон улсын хувьд туршлагын хувьд тухайлбал Узбекстан улс ухаалаг тоолуур нэвтрүүлснээр цахилгааны хулгай, хууль бус хэрэглээг эрс бууруулж, хэрэглэгчдийн төлбөрийн сахилга бат мэдэгдэхүйц дээшилсэн байдаг. Энэ нь эрчим хүчний компаниудын алдагдлыг бууруулж, үнэ, тариф, зах зээлийн шинэчлэл рүү шилжих суурь болсон. Мөн Япон, Солонгос зэрэг оронд ухаалаг тоолуур нь хэрэглээг зөвхөн тодорхойлохоос гадна эрчим хүчний тогтолцооны үр ашиг, уян хатан байдлыг нэмэгдүүлэх үндсэн хэрэгсэл болсон байх жишээтэй.
-Харин эрчим хүчний салбарын хувьд үр ашгийг нэмэгдүүлж, зардал бууруулах боломж хэр байна вэ?
-Эрчим хүчний салбарт үр ашгийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах боломж бий. Юуны өмнө хэрэглэгчийн бодит хэрэглээнд тулгуурласан тарифын зохицуулалт хийх шаардлагатай. Жишээлбэл, манай улсын цахилгааны хамгийн өндөр хэрэглээ оройн 17–22 цагт үүсэж ОХУ-аас импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг худалдан авч, зарим тохиолдолд өндөр өртөгтэй цахилгаан эрчим хүч хуримтлуураас хэрэглээгээ хангаж байна. Тиймээс айл өрх, аж ахуйн нэгжүүдэд өдөр, шөнө, оройн тариф байдаг. Хэрэглэгч хэрэглээгээ зохицуулж хэрэглэснээр бага төлбөр төлөх боломжтой.
Дараагийн чухал алхам бол цахилгаан эрчим хүчний хэрэглээг оновчтой төлөвлөх явдал. Үйлдвэрлэлээс хэрэглээ хүртэлх урсгалыг нарийн тооцож, түгээлт ба хэрэглээг бодит цагийн мэдээллээр хянаснаар системийн алдагдлыг багасгах арга хэмжээ авна. Ингэснээр эдийн засгийн үр ашиг дээшлэхийн зэрэгцээ хууль бус хэрэглээг илрүүлж, түгээлтийн алдагдлыг бууруулах боломжтой болно.
-Цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагааны онцлог нь юу байна вэ? Тоолуурын системийг нэвтрүүлснээр хангах үйл ажиллагааг хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой юу?
-Цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа нь хоёр өөр чиг үүрэгтэй хэсэг. Түгээх үйл ажиллагаа бол байгалийн монопол шинжтэй. Өөрөөр хэлбэл нэг хот, аймаг, тухайн нэг байршилд давхар шугам татах боломжгүй тул сүлжээ нэг байгууллагын мэдэлд байх нь зүйтэй. Харин хангах үйл ажиллагаа бол зах зээлийн зарчмаар явагдах боломжтой. Учир нь хангагч компаниуд бүгд ижил сүлжээ ашиглаад зах зээлээс цахилгаан худалдаж авч, хэрэглэгчдэдээ өрсөлдөөнөөр хүргэх боломжтой байдаг.
Олон улсын туршлага үүнийг баталдаг. Европын холбооны орнууд, мөн Япон, Солонгос зэрэг орнуудад хэрэглэгч өөрийн цахилгаан эрчим хүчээр хангагчаа сонгодог тогтолцоо бий. Түгээх компани нь зөвхөн шугам сүлжээг хариуцаж, хэрэглэгчидтэй шууд харилцдаггүй. Харин хангах компаниуд зах зээл дээрээс цахилгаан эрчим хүч худалдан авч, хэрэглэгчдэдээ санал болгож, үнийн болон үйлчилгээний чанараараа өрсөлддөг. Энэ нь хэрэглэгчдэд сонголт, ил тод байдлыг бий болгож, үйлчилгээний чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлж өгдөг.
Ирээдүйд Монгол улсад эх үүсвэрүүд өрсөлдөөнт зах зээлд шилжиж, цахилгаанаар хангах үйл ажиллагааг хувийн хэвшил гүйцэтгэх нөхцөл бүрдэх боломжтой. Ингэснээр хэрэглэгч өөрийн хангагчаа сонгох, хангагч компаниуд зах зээлээс эрчим хүч худалдан авч өрсөлдөөнөөр нийлүүлэх зарчим хэрэгжинэ.
-Ирээдүйд цахилгаан эрчим хүчний салбар өрсөлдөөнт зах зээлд шилжинэ гэж ярьж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд тоолуурын систем чухал уу?
-Өрсөлдөөнт цахилгаан зах зээлийн гол зарчим нь үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөх, хэрэглэгчид сонголттой байх явдал юм. Энэ нь өдөр тутмын буюу нэг өдрийн өмнөх болон бодит цагийн арилжаагаар хэрэгждэг. Зах зээл зөв ажиллахын тулд үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хангалтын бүх өгөгдөл үнэн зөв байх шаардлагатай. Тиймээс эрчим хүчний салбарын бүх түвшинд буюу үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглэгчийг хангах үйл ажиллагаанд ухаалаг тоолуур болон түүнд уялдсан хяналт, удирдлагын систем хамгийн чухал суурь хэсэг болно.
Тухайлбал, Европын холбоонд хэрэглэгч нь хангагчаа сонгох эрхтэй болсон шинэчлэл ухаалаг тоолуурын өргөн нэвтрүүлэлттэй зэрэгцэн хэрэгжиж, Итали, Швед зэрэг орон бүх хэрэглэгчээ ухаалаг тоолууртай болгосноор ил тод, тогтвортой зах зээлийн суурийг тавьсан. АНУ-ын зарим муж улс өрсөлдөөнт зах зээлд шилжихдээ ухаалаг тоолуурын мэдээллийн системийг түлхүү ашигласан. Турк ч мөн адил зах зээлээ нээхдээ тоолуурын өгөгдөл болон арилжааны мэдээллийг нэгтгэсэн нэгдсэн систем байгуулж, ил тод, шударга өрсөлдөөнийг бий болгосон.
Манай улсын өнөөгийн ухаалаг тоолуурын шинэчлэл нь ирээдүйд шударга, ил тод өрсөлдөөнт зах зээлийг бий болгох суурь дэд бүтэц нь болж өгч байна. Яг өнөөгийн байдалд эрчим хүчний төлөвлөлт, хэрэглэгчдийн хэрэглээний захиалга төдийлөн бодитой бус байгаа нь зах зээлийн зарчимд шууд шилжихэд учир дутагдалтай байгаа юм. Мөн зах зээл болон эрчим хүчний хууль, эрх зүйн шинэчлэлдээ заавал дижитал шилжилтийг хамтад нь авч үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зөвхөн зах зээлийн дүрэм журам гаргахтай зэрэгцээд түүнийг ажиллуулах дижитал орчин, тоолуурын өгөгдөл, арилжааны платформ, хяналт удирдлагын систем, бүгдийг хууль, бодлоготой уялдуулж хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж бид зах зээлээ зөв, шударга, ил тод ажиллуулах боломжтой болно.
-Бид цахилгааны тоолуурын талаар ярилцлаа. Дулааны тоолуурын талаар тодруулъя. Манай улсад хэрэглэгчид дулааны төлбөрөө талбай, эзлэхүүнээр төлдөг гэсэн. Хэрэглэснээрээ төлөх боломжтой юу?
-Манай Улсын дулааны төлбөрийн өнөөгийн тогтолцоог зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Одоогоор халаалтын төлбөрөө айл өрх метр квадратаар, аж ахуйн нэгж, байгууллага эзлэхүүнээр буюу метр кубээр төлж байна. Хуучны орон сууцнуудын барилга байшингийн халаалтын дотор систем нь айл дамжсан буюу босоо түгээлтэйгээр төлөвлөгдсөн тул хэрэглэгч тус бүрийн бодит хэрэглээг тоолуураар хэмжих боломжгүй байна. Харин 2000 оноос хойш баригдсан шинэ барилгуудын дотор халаалтын систем өөрчлөгдөж, коллекторын буюу хэвтээ түгээлтэй болж эхэлсэн. Энэ нь дулааны тоолуур суурилуулах боломжийг нээж байгаа ч тоолуур суурилуулалт бүрэн хийгдээгүй учраас өнөөдөр ч оршин суугчдын ихэнх нь талбайн хэмжээгээр төлбөрөө төлсөөр байна. Одоогоор орон сууцны айл өрхүүд дулааны хэрэглээгээ температураас хамааруулан тохируулан хэрэглэх боломжгүй байдаг. Их халуун байвал салхивчаа онгойлгон тохируулж байгаа нь маш их үргүй зардал гаргаж байгаа юм. Ингэж гадагш хаяж байгаа дулааныг өндөр өртгөөр үйлдвэрлэж байдаг.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон 430 мянга гаруй хэрэглэгч бий. Үүний 30 мянга нь аж ахуйн нэгж, байгууллага, харин үлдсэн 400 мянга нь айл өрх байна. Аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувь нь дулааны тоолууртай болсон тул бодит хэрэглээгээрээ төлбөрөө төлж байгаа. Харин айл өрхийн хувьд ердөө 0.5 хувь нь буюу 1,500 орчим өрх л дулааны тоолууртай байна. Үлдсэн өрхүүдийн 53.5 хувь нь техникийн хувьд тоолуур суурилуулах боломжтой байгаа бол 46.5 хувь нь босоо системтэй тул зөвхөн радиатор дээр суурилуулдаг халаалтын зардал хуваарилах хэрэгслээр хэрэглээг тооцох боломжтой.
Манай Хороо энэ чиглэлд судалгаа хийж, бодит хэрэглээнд суурилсан төлбөрийн тогтолцоонд үе шаттай шилжүүлэх зорилготой ажиллаж байна. Урьдчилсан тооцоогоор улсын хэмжээнд дулааны тоолуур болон хуваарилах хэрэгсэл суурилуулахад 354 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ хөрөнгийг өнөөдрийн тарифын орлогоор бүрэн санхүүжүүлэх боломжгүй учраас донор байгууллага, олон улсын хөнгөлөлттэй зээл, төсвийн эх үүсвэрийг ашиглан үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа.
Энэ өөрчлөлт хэрэгжсэнээр айл өрх бодит хэрэглээгээрээ төлбөрөө төлөх боломжтой болж, хэрэглээгээ ухаалгаар төлөвлөх замаар төлбөрөө дунджаар 20 хүртэл хувиар бууруулах боломж үүснэ. Нөгөө талаар илүү үр ашигтай хэрэглээ нь эх үүсвэрийн ачааллыг багасгаж, барилгын чанарыг дээшлүүлэх, эрчим хүчний системд ч нөөц бий болгох чухал ач холбогдолтой.
Цаашид шинээр баригдах бүх барилга, орон сууц бүрийг дулааны тоолууртай байх шаардлагыг барилгын норм, дүрэмд тусгах санал боловсруулж холбогдох яаманд хүргүүлсэн байгаа. Энэ бол зөвхөн төлбөрийн тогтолцоог өөрчлөх асуудал бус, дулааны салбарын шинэ соёл, хэрэглэгчийн оролцоо, хэмнэлтийг бий болгох урт хугацаанд хэрэгжих алхам юм. Эцэст нь хэлэхэд хэрэглэгч хэрэглэсэн хэмжээгээрээ л төлбөрөө төлөх нь зүйтэй гэж боддог. Энэ боломж нөхцөлийг төрийн зүгээс хангаж өгөх нь зүй ёсны хэрэг гэж бодож байна.
