

УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тодрууллаа. Тэрээр "Иргэдийн амь насыг богиносгож, хавдрын урьтал болгож байгаа зүйл нь тамхи, дан тамхидалт. МУ-ын хувьд залуучууд, хүүхдийн дундах янжуур болон электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн. Сургууль дээр багш нар хүүхдийн хэрэглээг дийлэхээ байгаад удаж байна. Иймээс бодлогын түвшинд өөрчлөлт хийх ёстойг сургуулийн зүгээс, эрүүл мэндийн байгууллагын зүгээс ч шаардаж байгаа. Хүүхэд залуучуудаа тамхиын хор хөнөөлөөс хамгаалж, нийгмийн эрүүл мэндийг хуулиар хамгаалъя гэж байгаа. Янжуур тамхи манай улсад дэлхийд байхгүй хямд буюу талхнаас хямд байгаа. Хөрш орнуудаасаа 3-4 дахин хямд байна. ДЭМБ, УИХ-аас ч мөн тамхины татварыг ихэсгэх ёстой гэх зөвлөмж удаа дараа өгч ирсэн. Иймээс янжуур болон электрон тамхин дээр гаалийн болон онцгой албан татвар ногдуулж байгаа. Гаалийн татварын хувьд жигдхэн 30 хувиар, онцгой албан татварын хувьд нэг хайрцаг янжуур тамхинд 836 төгрөг ногдуулдгийг ДЭМБ-ын зөвлөмж, инфляци бусад хүчин зүйлтэй нь уяад 2030 он хүртэл жил болгон үе шаттайгаар нэмэхээр болж байна. 2026 онд 2000, 2027 онд 4000 төгрөг, 6000, 8000 төгрөг гэж нэмснээр 2030 он гэхэд тамхидалтыг 14 хувь бууруулах зорилт тавьсан.
Электрон тамхинд мөн үүнтэй дүйцэхүйц Онцгой албан татвар ногдуулж байгаа. Нэг миллитр шингэн тамхи арван ширхэг янжуур тамхи буюу хагас хайрцагтай дүйцнэ гэх Англи улсын стандартын дагуу дүйцүүлж 2026 онд нэг миллитр дээр 1000 төгрөг, дараа онд нь 2000 гэхчилэн 2030 он хүртэл үе шаттайгаар нэмэхээр тооцсон" гэлээ.
