m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2025.11.24 12:10
163
Дундговь: Хүүхдийн хөгжил, боловсрол, хамгаалал болон нийгмийн хүртээмжийг дэмжих хэлэлцүүлэг боллоо
Монгол дахь НҮБ-ын хүүхдийн сангаас санаачлан орон нутгийн шийдвэр гаргах түвшний удирдах ажилтнууд болон хамтран ажилдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан ирэх онуудад хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар хэлэлцүүлэг боллоо.  Хэлэлцүүлгийн төгсгөлд Засаг дарга С.Мөнхчулуун НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Куасси Комлантай хамт Хүүхдийн талаар орон нутагт хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлтөө тусгасан амлалтандаа гарын үсэг зурлаа.
Энэхүү амлалтад
1. Эрүүл мэнд, хоол тэжээл, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр
• 2023 оноос эхэлсэн ЕБС-ийн сурагчдад хичээлийн цагаар 180мл сүү уулгах “Сүү хөтөлбөр”-ийг орон нутгийн санаачилгаар хэрэгжүүлж, жил бүр хамрагдагч хүүхдийн тоо болон төсөв нэмэгдсэн бөгөөд 2026 онд сүүг Д амин дэмээр баяжуулж, хүүхдийн тоог 650-аар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
2. Чанартай ба хүртээмжтэй боловсрол
• СӨБ-ын 19 байгууллагад STEAM хөтөлбөрийг хэрэгжүүлж, шинжлэх ухаан, инженерчлэл, математикийн мэдлэг, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтыг багш нарт дотоод болон гадаадад үе шаттай зохион байгуулах.
• Говь-Угтаал сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны их засварыг хийж, алслагдсан сумдын хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах.
3. Хүүхэд хамгаалал
• Адаацаг суманд 1983 онд байгуулагдсан “Сүм хөх бүрд” байгалийн үзэсгэлэнт газарт оршдог “Бүрдийн уянга” хүүхдийн зусланг MNS 5633:2019 стандартад нийцүүлэн иж бүрэн засварлаж, зорилтот эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд таатай амрах орчинг бүрдүүлэн олон талт сургалт зохион байгуулж, Найрамдал-2 олон улсын зуслангийн эхлэлийг тавих.
4. Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй болон уур амьсгалын өөрчлөлт
• COP-17 бага хурлыг угтаж “2026 оны цөлжилттэй тэмцэх ажилд малчид, иргэдийн оролцоог эрчимжүүлэх жил” болгон зарлаж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар залуучуудын мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх чуулга уулзалт, иргэдэд уриалга гарган хэрэгжилтийг хангахад нийт 15,5 сая төгрөг зарцуулах.
5. Нийгмийн хамгаалал, хүртээмж ба засаглал
• 2026 оны үйл ажиллагааны төлөвлөлтөд хүүхдийн оролцоог хангах үүднээс 2025 оны 11-р сарын 12-нд хүүхдүүдтэй танхим болон цахимаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан санал, санамжуудыг төлөвлөлтөд тусгаж байна.
• Мөн хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу аймгийн хүүхдийн паркийг шинэчлэн, MNS 6751:2019 стандартыг хангасан тоглоомоор бүрдүүлж, үйл ажиллагааг тогтмол явуулах талаар тусгагдсан болно.