

МАН-ын УЗ-өөс УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжсэн билээ. Томилгоотой холбоотой өөрөөс нь тодруулга авлаа. Тэрээр "Энэ томилгоог асар том хариуцлага гэж үзэж байна. Энэ салбар манай улсын хамгийн чухал салбар. Олон мянган хүний ажиллаж чадах, үр бүтээл гаргаж чадах салбар. Нөхөн сэргээгддэг хүнс хөдөө аж ахуйн салбарыг нөхөн сэргэдэггүй уул уурхайн салбараас тэтгэж, дэмжихэд анхаарна. Төрийн оролцоо багатай хувийн хэвшил өөрөө газар олголт, санхүүжилтээр хөгжих боломжтой гэж харж байна. Яам Дархан хотод байрлах УИХ-ын тогтоол бий. Одоо байгаа ажилтан алба хаагчдын амьдрал ахуй ямар байгааг судална. Одоогийн байдлаар яамны ажилчдын 70 хувь нь Дарханд, 30 хувь нь УБ-т байгаа. Томилогдвол эхлээд нөхцөл байдалтай танилцана.
Өвөлжилтийн бэлтгэлийн асуудал хамгийн хүнд. Өвөлжилтийн бэлтгэлд малчдаас өөрөөс нь шалтгаалах зүйл нь малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, дулаан өвөлжөөгөө бэлдэх байна. Малчид малаа экспортод гаргаж, махыг үнэ цэнтэй болгохыг төрөөс хүсч байна.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг өргөн мэдүүлсэн, удахгүй энэ асуудал шийдэгдэнэ. Манай улс өргөн уудам нутагтай. Өргөн хүрээнд авч үзэхгүй бол одоо хэрэгжиж байгаа нь учир дутагдалтай байгаа. "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг ирэх жилийн төсвөөс багасгасан. Дундын хоршоо хэлбэрийг цаашид илүү дэмжинэ. Монголчуудын нэг давуу тал нь бүгд бизнес эрхлэх хүсэлтэй байна. Гол нь зөвлөн туслах үйлчилгээ үүнд хэрэгтэй байна. Хоршооныхныг сайн чадавхжуулж, зөвлөн туслах хэрэгтэй. Зээл олгоод дараа нь амжилтад хүрэх хүртэл зөв дэмжих, дасгалжуулах тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй.
Би намын эрх мэдлийг ашиглаж хэн нэг хүнийг үзэл бодлоо илэрхийсний төлөө намаас хөөдөг байдлын эсрэг л байсан.
Төрийн ажил залгамж чанартай байх ёстой. Ерөнхий сайд намайг гурван удаа засаг даргаар ажилласан учраас дэвшүүлж байгаагаа хэлсэн. Улс төрийн томилгоо биш ажлын шалгуур хангаж байвал ажиллаж, зорьсон зорилт хэрэгжүүлэхэд шаардлага хангахгүй бол өөрчлөлт хийнэ" гэлээ.
