

ХААН Банк, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба болон Монголын Банкны Холбоо, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран “МУТСТ Комплаенс-цахим шилжилт” сэдэвт комплаенсийн форумыг 2025 оны 11-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 2011 оноос эхлэн зохион байгуулж буй энэхүү форумаар Монгол Улс дахь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) хууль эрхзүй, хяналт хэрэгжилтийн тогтолцооны тухай оролцогч бүх талуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, цахим шилжилт, техник технологийн хөгжилтэй нийцүүлэн, МУТСТ хяналтын тогтолцоог сайжруулах боломж, шийдлийг ярилцах юм.
Комплаенсийн форумын эхний өдөр буюу 11-р сарын 27-нд Монгол улсын МУТСТ Үндэсний эрсдэлийн үнэлгээний явц, цаашид баримтлах бодлого, сайжруулах ажлууд, МУТСТ тухай хууль, эрхзүйн орчныг шинэчлэх хэрэгцээ шаардлага болон 2028 онд болох ФАТФ-ын газар дээрх шалгалтад бэлтгэх тухай холбогдох төрийн болон эрх бүхий зохицуулагч байгууллагуудын удирдлага, олон улсын экспертүүд болон банкуудын ТУЗ, Гүйцэтгэх удирдлагуудын хүрээнд хэлэлцүүлэх болно.
Форумын 2 дахь өдөр буюу 11-р сарын 28-нд Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба болон хууль сахиулах байгууллагын төлөөллүүд, олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх зочин экспертүүд болон Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй банк, санхүүгийн байгууллагын удирдлагууд, комплаенсийн мэргэжилтнүүд хамтран цахим шилжилтийн үеийн МУТСТ хяналтын тогтолцоог сайжруулах, үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан зэрэг технологийн дэвшлийг ашиглах шийдэл болон цахим аюулгүй байдал, цахим залилан, луйвраас урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал шийдэл гаргахаар төлөвлөж байна.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь зөвхөн нэг салбарт хамаатай үйл ажиллагаа биш бөгөөд энэ нь Монгол улсын олон улс дахь нэр хүнд, харилцаа хамтын ажиллагаа, санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдал, гадаадын хөрөнгө оруулалт татах, гадаад худалдааны эргэц, төлбөр тооцоог саадгүй хийх зэрэг нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л салбарт шууд болон шууд бусаар нөлөөлдөг тул төр, хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс ач холбогдол өгч, хамтран ажиллаж байна.
