

Кибер аюулгүй байдлын зөвлөл, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал болон Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүд хамтран “Хиймэл оюун — кибер аюулгүй байдал” сэдвийн хүрээнд Кибер тусгаар тогтнол форум–2025-ыг гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Форумын нээлтэд ЦХИХХ-ны сайд, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Э.Батшугар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал С.Ганбямба нар хүндэт зочноор оролцож, кибер орчин дахь эрсдэл, хиймэл оюуны хурдацтай хөгжил, тэдгээрийн үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаар онцлон дурдав. Тэд мөн форумын оролцогчдод хандан үг хэлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэлээ.
Тус форумд Төрийн байгууллага, хувийн хэвшил, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ болон мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд, онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагуудын төлөөлөл болох 280 гаруй мэргэжилтэн, албан хаагчид оролцлоо
Хиймэл оюуны хөгжилтэй зэрэгцэн бий болох шинэ төрлийн эрсдэл, сорилтыг тодорхойлох, үндэсний кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой энэхүү арга хэмжээ нь салбарын мэргэжилтнүүдийн үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.
