

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Энэхүү тэмдэглэлт баярын үеэр JET SCHOOL Сургалтын төв болон JET INTERNATIONAL SCHOOL олон улсын сургуулийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, Англи хэлний зөвлөх багш Цэрэндоржийн Чинзориг нь Монгол Улсын Гавьяат Багш цол тэмдгийг ёслол төгөлдөр хүртлээ.
Ц.Чинзориг багш нь боловсролын салбарт 30 жил ажиллахдаа Монгол улсын анхны англи хэлний сургалтын төвүүдийн нэг болох “Jet School of English” сургалтын төвийг үүсгэн байгуулж, мөн 2019 онд JET INTERNATIONAL SCHOOL Олон Улсын Сургуулийг тус тус үүсгэн байгуулж, англи хэлний боловсролыг Монгол улсын иргэдэд тасралтгүй хүргэхийн зэрэгцээ боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ажилласаар иржээ.

Тэрээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд Жэт Англи хэлний сургалтын үйл ажиллагаагаа тэлж бүх насны хүмүүст тохирсон ерөнхий болон академик англи хэлний сургалтыг тасралтгүй явуулж, анхны Олон Улсын TOEFL шалгалтын монгол дахь төвийн эрхийг 2005 онд, ахлах сургуулиудын сурагчдын элсэлтийн тест болох SAT, AP шалгалтуудын албан ёсны тестийн эрхийг 2010 онд, Олон Улсын IELTS шалгалтын компьютер дээрх шалгалтыг Монголд анх удаа авах төвийн эрхийг 2019 онд тус тус авч Монголын ард иргэдийнхээ олон улсын боловсрол эзэмших гүүр болсон үнэтэй хувь нэмрийг үе үеийн шавь нартаа олгосоор ирсэн билээ.
Эдгээрээс гадна 2-5 настай хүүхдүүдэд зориулсан “Jet Kids” цэцэрлэгээ 2016 онд нээж, Олон Улсын стандартад нийцсэн, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг, чадвар боловсролтой сурагчдыг бүтээх зорилготойгоор “Jet International School”-ийг 2019 онд тус тус үүсгэн байгуулсан бөгөөд 2023 онд анхны төгсөгчдөө амжилттай төгсгөснөөс хойш өдгөө 3 дэх жилийн төгсөгчдөө амжилттай төгсгөөд буй.

Жэт англи хэлний сургалтын төв нь үүсгэн байгуулагдаад өдгөө 30 жил болж байгаа бөгөөд тус хугацаанд давхардсан тоогоор 200,000 гаруй сурагчдад англи хэлний мэдлэг олгож 70 гаруй багш нарт TESOL зэрэг болон нийгмийн сайн дурын үйл ажиллагаагаараа дамжуулан олон олон залуу үетэй сурч хөгжих боломжуудыг тасралтгүй олгосоор өдий хүрчээ.
Ц.Чинзориг багшийн хийж бүтээсэн эдгээр ажлууд Монголын Боловсролын Салбарт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг дахин тэмдэглэхийн сацуу эрдмийн хөлгүй их далайд үе үеийн шавь нартаа жигүүрээ дэлгэх боломжийг олгож буй тандаа халуун баяр хүргэж, цаашдын боловсролын их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Шууд дамжуулалт:
