Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.11.27 14:30
385
Чуулган: Тамхины татварыг нэмэгдүүлснээр 2030 он гэхэд янжуур тамхины дундаж үнэ 15 мянган төгрөг болно
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.11.27/-ийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Монгол Улс анх 1993 онд Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийг баталж, 2005 онд уг хуулийг шинэчлэн найруулж, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Тамхины хяналтын тухай хуулийг баталсан. Тамхины хяналтын тухай хуульд 2012, 2015, 2019, 2022, 2023 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон нийтийн газар тамхи хэрэглэх болон сурталчлах үйл ажиллагааг бүрэн хориглох, боловсролын байгууллагын орчинд 500 метр зайд тамхи худалдаалахыг хязгаарлах, эрүүл мэндийн сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээх зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж ирсэн.
Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр тамхины онцгой албан татварыг 2030 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж татварын орлогыг Спортын дугуйлан сурагчдын үдийн хоолонд зарцуулах, хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх, Соён гэгээрүүлэх ажилд зарцуулахаар тусгасан. Мөн шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болох электрон болон халаадаг тамхин бүтээгдэхүүн, никотин, никотин бус бодис дамжуулах систем зэрэг зохицуулалтгүй байсан эдгээр төрлүүдийг тамхины төрөлд хамруулан хуульчилж өгөхөөр тусгаад байгаа юм.
Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр хуурамч тамхины худалдаа нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гарч буй нь үндэслэлгүй бөгөөд 2017 онд гаалийн татварыг нэмэгдүүлэхэд хуурамч тамхины худалдан авалт 13 хувь байсан нь 6.3 хувь болж буурчээ. Сангийн яамнаас мэдээлж буйгаар онцгой албан татварыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор янжуур тамхины дундаж үнэ 2026 онд 4366₮, 2027 онд 7082₮, 2028 онд 9815₮, 2029 онд 12560₮, 2030 онд 15339₮ төгрөг болно гэв.
Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор жил бүр 300-550 орчим зөрчлийг илрүүлж 15-40 сая төгрөгийн торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг цагдаагийн байгууллагаас авч ажиллаж байна. Зөрчлийн 50 орчим хувийг боловсролын байгууллагын орчинд 500 метр зайд тамхи худалдаалахыг хориглохтой холбоотой зөрчил эзэлдэг тухай ЦЕГ-аас мэдээллээ.
2024 оны байдлаар Монгол Улс дахь тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрсэн нь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлттэй орны 7 дугаарт орж байна. Монгол Улсад жил бүр тамхинаас шалтгаалсан 4,300 орчим нас баралт бүртгэгдэж, өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ уламжлалт тамхины хэрэглээнээс давж гарсан буюу 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн статистик үзүүлэлт байна.