Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
181
Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ

Улаанбаатар хотын баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэл буюу хэвтээ тэнхлэг дагуу өдөрт дунджаар 347,000 авто машин зорчиж байна. Энэ дагуу оргил цагийн үед нэг иргэн өдөрт дунджаар 3-4 цагийг зарцуулж буй бөгөөд үүний цаана ажлын цагийн алдагдал, шатахууны хохирол, нийгмийн бухимдал зэрэг асар их эдийн засгийн хохирол учруулдаг. Тиймээс хотын төвийг ачааллыг даах тээврийн дэд бүтэцтэй болох нэг төсөл бол Улаанбаатар метро төсөл юм. Энэхүү төслийг хотын хамгийн их ачаалалтай Энхтайваны өргөн чөлөө дагуу төлөвлөж, ТЭЗҮ, концепз зураг төслийг боловсруулж дууссан бөгөөд Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (ESIA)-г БНСУ-ын “Иножен” ХХК болон Монгол Улсын “Эко Натур” ХХК хамтран гүйцэтгэж, 12 дугаар сард дуусгана. Төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлэх юм. 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар метро төслийн сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарласан учраас тэр зарчмаараа үргэлжилж байна. Эцсийн шатны сонгон шалгаруулалтыг ирэх сарын 15-нд урьдчилсан санал ирүүлсэн 27 аж ахуйн нэгжийн дунд зарлах товтой байгаа. Том төслийн төлөвлөлтийг олон улсын стандартад нийцүүлж зохион байгуулах, төсөв босгох гээд ажил их байна. Төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ. Мөн Улаанбаатар трамвай төслийн дөрөвдүгээр шатны шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ. Эцэст нь гэж хэлэхэд хотоос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүхий л томоохон төслүүд гараанаасаа гарсан гэдгийг хэлье” гэв. 


Мөн метро ашиглалтад орсноор хотын хүрээлэн буй орчинд эерэг нөлөөлөл үзүүлэх бөгөөд агаарын чанарыг сайжруулснаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой. Метроны өртөө орчимд худалдаа, үйлчилгээний төвүүдийг байгуулна. Энэ нь хотын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой. Иргэд автобусаар 45 минутад зорчих зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдэж, өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөлөл бий болно. Тухайлбал, нэг өртөөнд дунджаар 10 буюу нийт өртөөний хэмжээнд 150-200 жижиг, дунд бизнес эрхлэгч шууд үр ашиг хүртэх боломж бүрдэх тооцоолол гарчээ. Мөн метроны өртөө орчмыг хөгжүүлэх үйл ажиллагааны нөлөөгөөр ойролцоогоор 150.000 ажлын байр шинээр бий болно.