

Суманд хэрэгжүүлж буй төрийн албан хаагчдын орон сууцны жишиг загварын дагуу сум, орон нутагтаа орон сууц бариулах сонирхолтой байгаагаа Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Батсүмбэр сумын Засаг дарга А.Эрдэнэбат илэрхийлж, манай компанийн удирдлагад хандсаны дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир, ЗУГ-ын дарга Ж.Энхбаатар болон инженер, техникийн ажилтнууд тус суманд очиж ажиллав.
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн удирдлагуудыг Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Батсүмбэр сумын Засаг дарга А.Эрдэнэбат хүлээн авч, уулзан сумынхаа талаар танилцуулж, сумандаа инженерийн шугам сүлжээний дэд бүтэц хийх төсвийг 2026 оны төсөвт тусгах, уурын зуухны өргөтгөл шинэчлэлийг хийх шаардлагатай байгааг дурдаад, нэн түрүүнд тулгамдаж буй асуудал нь орон сууц гэдгийг хэлсэн юм.
Мөн тэрбээр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн удирдлагуудад 150 айлын орон сууц барих саналтай байгаагаа дуулган, харилцан санал солилцлоо.


