

"Ногоон нуур 1008 айл"-ын орон сууцанд иргэдийг хамруулна, худалдан борлуулна, урьдчилгаа авч түрээсийн гэрээ хийнэ зэрэг ор үндэслэлгүй, худал, ташаа мэдээллүүдийг цахим орчинд түгээж буйтай холбоотойгоор Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ.
Сэрэмжлүүлэгт "Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу "Ногоон нуур 1008 айл"-ын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд 756 айлын орон сууцыг тухайлсан дахин төлөвлөлтийн газраар солих замаар иргэдэд өмчлүүлэх, 252 айлын орон сууцыг газар дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд түрээслэх гэж тусгасны дагуу БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан "Ногоон нуур 1008 айл"-ын орон сууцанд "ГАЗАР ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ХАМРАГДСАН ИРГЭД"-ийг хамруулах юм.
Сүүлийн үед дээрх төсөлтэй холбоотой иргэдийг хамруулна, худалдан борлуулна, урьдчилгаа авч түрээсийн гэрээ хийнэ зэрэг ор үндэслэлгүй, худал, ташаа мэдээллүүдийг цахим орчинд түгээж байгаа тул энэ мэдээлэлд итгэж, ямар нэг худалдан авах захиалга өгөх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна" гэжээ.
