Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
185
М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өнөөдөр яамны болон харьяа байгууллагуудын удирдлагуудтай  өргөтгөсөн хурал хийлээ. Хуралдааны эхэнд салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар танилцуулга сонсож, цаг үеийн асуудлыг хэлэлцэв.

Танилцуулгатай холбогдуулан холбогдох албан хаагчдад  үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажил тасралтгүй үргэлжлэх ёстойг тодотгоод өвс тэжээлийн нөөц, аймаг, орон нутагт хүргэх төлөвлөлт, хүргэлтийн зардлын талаар нарийвчилсан судалгаа гаргаж, малын өвчлөл, өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. 

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн "Салбарын сайдын хувьд нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж,  хүнсний эрүүл аюулгүй байдалд анхаарч, өрхийн зардалд хамгийн их хувь эзэлдэг хүнсний үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байхад хяналт тавьж ажиллана” гэдгээ онцлоод цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, малын эм тариа, вакцины хэрэглээ, хариуцлагын тогтолцоог чангатгах чиглэлээр хуулийн төсөл боловсруулахыг даалгалаа.

Цаашид нөхөн сэргээгддэггүй баялаг буюу байгалийн баялгийн олборлолт, ашиглалтын орлогоос нөхөн сэргээддэг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийдэг механизм бүрдүүлэхийг зорин ажиллахаа илэрхийлээд салбарын хяналтын асуудал дээр онцгой өөрчлөлт гарган ажиллах ёстой гэв.