m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.01 15:10
362
П.Сайнзориг: "Оюутолгой"-н 34 хувиа тусгай АМНАТ-аар орлуулж, үр өгөөжийг нь бодитоор хүртэх ёстой

УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос "Оюутолгойн хянан шалгах түр хороо"-ны сонсголд гэрчээр дуудагдсан талаар нь тодрууллаа.

-Таныг Оюутолгойн сонсголд гэрчээр дуудсан байсан. Нийт 301 хүнийг гэрчээр дуудсан ч үр дүнгүй болохвий гэх айдас байна?

-Би Хянан шалгах түр хорооны гишүүн биш. Миний хувьд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичиг, газрын даргаар ажиллаж байхдаа "Оюутолгой" хэлэлцээрийн арбитраас бусад ажилд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Монголын ард түмэнд үүсээд байсан 2.3 тэрбум ам.долларыг тэглэх, менежментийн зардлыг бууруулах болон бусад хэлэлцээртэй холбоотой ажлуудад Х.Нямбаатар сайдын удирдлага дор нарийн бичгээр ажиллаж байсан. Тэр хугацааны асуудлыг тодруулах юм байна гэж үзэж байгаа. Иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч байж иргэд зөв дүгнэж, зөв шаардлага тавина. 

"Оюутолгой" компанийн хувьд миний хувийн байр суурь 34 хувиа бид хөрөнгө оруулагчдад зарах ёстой гэж үзэж байгаа.

С.Баярцогт гэж хүн анх гэрээ байгуулж байхдаа 20 мянган хувьсагч ярьж байхдаа 2019 онд ногдол ашгаа авна гэж байсан ч авсангүй. 2037 он болж хувирлаа. Менежментийн төлбөрийг бид хангалттай хэмжээнд бууруулж чадахгүй. Цаана нь үндэстэн дамнасан том том корпорациуд хөрөнгө оруулсан хэрэг байгаа. Иргэд "Оюутолгой" төслөөс үр өгөөж хүртэе гэвэл 34 хувийг тусгай АМНАТ-аар орлуулаад, зэсийн үнэ өндөр байгаа үед нь мөнгөн урсгал хамгийн сайн байх үед нь татвараар орлогоо бүрдүүлж, үр өгөөжөө хүртэж нийгмийн олон асуудлаа шийдэж чадна. 34 хувийг тусгай АМНАТ-аар эсвэл бэлэн мөнгөөр зарсан тохиолдолд хориг тавих эрх авах ёстой. Өмчлөлийг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байлгах, хөрөнгө оруулалт, байгаль орчны асуудлууд, дараагийн ордуудтай менежмент хослуулах байдлаар алтан хувьцаанд ногддог  хориг тавих эрхээ аваад 34 хувиа зарж, тусгай АМНАТ-аар орлуулж, үр өгөөжөө бодит болгохгүй бол бид хэдэн жил дахиж хэрэлдэх юм бэ. Үр өгөөжөө хүртэж чадалгүй 2028, 2032 он гээд явсаар байх нь. Зэсийн үнэ, эрэлт ийм өндөр байгаа үед "Онтре"-той хоршиж байж л цаашдын эдийн засгийн үр өгөөж нь илүү байна. Хэрэв зарвал маш их хэмжээний мөнгөн урсгал орж ирнэ. Тэр мөнгийг юунд зарцуулах вэ гэдгээ л маш бодитой хийж, дэд бүтэц эрчим хүч, нийгмийн асуудлаа шийдэж, халамж болгоод тараачихгүй хэмжээнд л бодох ёстой.