Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.12.02 17:09
243
“Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа
 
Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд дэлхий даяар өрнөдөг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян энэ жил “ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ НЬ” уриалга дэвшүүлсэн.
Аяны хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан (UNFPA)-тай хамтран бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг хамтын үйл ажиллагааг сайжруулах, бодлогын нийцлийг хангах, Монгол улсад мөрдөгдөж буй хууль эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийж, шинэлэг шийдлийг тодорхойлох, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх түншлэлийг дэмжих замаар цахим болон бодит орчныг илүү аюулгүй болгох зорилготой тус хэлэлцүүлэгт холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга, удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл болон НҮБ-ын харъяа агентлагуудын төлөөлөл оролцлоо.
Технологийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй өнөө үед цахим орон зай нь эмэгтэйчүүд, охидын эсрэг зэвсэг болон хувирч, тэднийг цахим болон бодит орчинд хохироох хүчирхийллийн шинэ хэлбэрүүдийг бий болгосоор байна. Энэхүү аюулд өсвөр үеийнхэн, залуучууд нийгмийн идэвхтэй эмэгтэйчүүд, сэтгүүлчид, идэвхтнүүд болон эмзэг бүлгийнхэн голчлон өртөж байна.
Олон улсын түвшинд 36 нэр төрлийн цахим хүчирхийллийн шинэ хэлбэрүүд бий болсон гэж тодорхойлсон байдаг. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанаар хүний дүр төрхийг өөрчилөх (deepfake) технологи ашиглан хуурамч порнограф контент үйлдвэрлэх, дарамтлах, нэр хүндэд халдах явдал эрс өссөн бөгөөд энэ төрлийн контентийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүдийг чиглэсэн байдаг гэж олон улсын судалгаанд дурджээ.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэж, таслан зогсоохгүйгээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах, гэр бүл салалт, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах боломжгүй юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд хууль, бодлого, судалгаа, дэмжлэгийн тогтолцоог сайжруулах тодорхой алхам хийж, иргэдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд хэрэгжүүлснээр цахим орчны аюулгүй байдал дээшилнэ хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна.