m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.12.03 11:57
307
С.Баяр “Оюутолгойн” сонсголд ирэхгүйн учир юу вэ?

“Оюутолгой”-н сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүс оролцохоо мэдэгдэж байхад С.Баяр Ерөнхий сайд асан л ирэхгүй гэж гөжүүдэлжээ. Угтаа бол гэрээг анх үзэглэсэн сайдууд болох Уул уурхайн сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, ерөнхий сайд С.Баяр нар хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, “Оюутолгой” гэх уурхайн галт тэргийг хөдөлгөсөн түүхтэй. Энэ хүмүүс заавал байлцаж байж сонсгол утга учиртай, үр дүнтэй болох нь гарцаагүй. Анхны том хэмжээний гэрээ алдаатай оноотой байж болох ч үүнийг цааш нь засч залруулаад явах нь зөв хэмээн судлаачид хэлж буй. Тэгвэл анх үзэглэж байсан сайд нарын нэг сангийн сайд асан С.Баярцогт, тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг нар  сонсголд ирэхээ мэдэгдсэн бол тухайн үеийн ерөнхий сайд асан С.Баяр очихгүй гэдгээ өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. Ерөнхий сайд асан С.Баяр сонсголд очихгүй байх шалтгаанаа “Оюутолгой төсөл нь эдийн засаг, бизнесийн том төсөл байхын зэрэгцээ хэмжээ, чиглэл, ач холбогдол зэргээрээ гуравдахь хөршийн хөрөнгө оруулалт, манай улсын аюулгүй байдал, хөгжилтэй шууд холбоотой тул үүнийг олон зуун хүн оролцсон нээлттэй сонсголоор бус, огт өөр бүрэлдэхүүн, агуулга, хэлбэрээр хаалттай хэлэлцэх нь манай улсын язгуур эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж буй” хэмээжээ.

Ирэхээ мэдэгдсэн гэрчүүд сонсгол хийж улсын нууцад авсан мэдээлэл, хаалттай хөшигний ард юу болсон талаар баримт нотолгоог ил болгож нээлттэй хэлэлцэх нь зөв. Иргэдийг мэдээлэлжүүлье, мэдээлэлтэй иргэд зөв үнэлэлт дүгнэлт өгнө хэмээж буй.

Он цагийн дарааллыг хөөвөл Оюутолгойн гэрээг үзэсгэлснээс 22 хоногийн дараа С.Баяр ерөнхий сайдаас буусан, 2019 онд Н.Алтанхуяг ерөнхий сайдаас буусны дараа Дубайн гэрээ байгуулагдсан гэхчилэнгээр тухайн үеийн төрийн өндөр албан тушаалтнуудаас асууж тодруулах, нягтлах зүйлс бишгүй. Иймээс ч гэрчээр дуудагдсан хүмүүс бүгд ирж, юу болж байсныг баримт нотолгоотой ярьж хэлж байж сонсгол үр дүнгээ өгнө. Гэрчээр дуудагдана гэдэг муу зүйл ч бас биш. Болсон процессийг л тодруулж, буруу зөрүү ойлголтыг мухарлах гэж байгаагаас биш яллах гэж байгаа хэрэг биш.

Тэгвэл яалт ч үгүй төрийн өндөр албан тушаал хашиж байхад нь байгуулагдсан томоохон хөрөнгө оруулалтын төслийн сонсголд ирэхгүй “зугтана” гэдэг цаагуураа “но”-той юм бишүү гэх хардлагыг дагуулж байна.