Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/186 дугаар тушаалаар “Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэний мэдээллийг 2025 оны 9 сард шинэчилсэн тул одоо Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа өрхүүд өөрчлөгдөж, нэн шаардлагатай өрхүүдэд үйлчилгээг үзүүлнэ.
-өрхийн гишүүнээс хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлээгүй гишүүнд үйлчилгээг олгохгүй;
-хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхэлж байгаа гишүүнд хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах зорилгоор үйлчилгээг үзүүлэх;
-хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд олон жил хамрагдсан эсхүл өрхийн амьжиргааны түвшин дээшилсэн өрхийг энэ үйлчилгээнд хамруулахгүй харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах;
-ядуу өрхүүдэд чиглэсэн өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж өрхтэй ажиллах, хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт хамруулах, эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрт хамруулах;
-нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тэжээн тэтгэх хүүхэдгүй ганц бие харж хандах хүнгүй ахмад настанд түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлэх;
-хоол тэжээлийн дутмагшлын улмаас хүнд хэлбэрийн тураалтай хүүхэд болон гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг судлан үйлчилгээнд хамруулах;
-халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах зэрэг болно.