

Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхэлсэн шатахууны хомсдол пүрэв гарагийн өглөө ч байсаар байна. Энэ оочер нөөцийн сав баригдах тогтоол батлагдах хүртэл “үргэлжилж” магадгүй. Учир нь сүүлийн 30 гаруй жил импортын шатахуунаар хэрэглээ хангаж ирсэн ч нөөцийн савгүй гэх Ерөнхий сайд, салбарын сайдын мэдэгдлийн дараагаас оочер зуршмал болж, амралтын хоёр өдөр, даваа гарагтай оочерлуулах болсон. Салбар яамнаас нь татан авалт, нөөц хэвийн байгаа хэмээн мэдэгдсээр байгаа ч оочер хэвээр байсаар. Үүнийг зөвхөн бүтэн сайн өдөр түгээлт хийдэггүй, аюултай ачааг өдрийн цагаар тээвэрлэдэггүйтэй холбон тайлбарлаж ядаж байна.

Тэгвэл улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн импортлох эрхтэй 178 компани, бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 192, жижиглэн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 194 ААН байна. Энэ олон импортлох зөвшөөрөлтэй бизнес эрхлэгчдээс тавд нь давуу байдал олгон, Монголбанкнаас репо санхүүжилт олгон нөөцийн сав барихыг дэмжих нь шударга өрсөлдөх орчинд нөлөөлнө гэж хөндлөнгийн ажиглагчид үзэж байна. Хэдийгээр салбарын сайд Г.Дамдинням барьцаа хөрөнгө, шалгуурыг шалгаж байж зээл олгоно гэж байгаа ч эдийн засаг хүндэрч байгаа энэ үед 1.6 их наяд төгрөгийн зээлээ шийдүүлэх нь өөрөө шударга өрсөлдөөний зарчимд үл нийцнэ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 30 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа шатахуун нөөцлөх саваа барьчихдаггүй юм уу. Хэчнээн төгрөгийн зээл олгох гээд байгаа юм бэ. Урт хугацааны байдлаар хандахгүй, тулгасан, гал унтрах байдлаар хандаж байна. Нэг их наяд жаран тэрбумын санхүүжилтийн асуудлыг ярьж байна. Монголбанкнаас гарах зээл ямар хүүтэй байх, хэр хугацаанд гарах, санхүүжилт авах компанид тавих шаардлага нь ямар байх юм. Мөн нөөцийн сав нь хаана байх гэхчлэн тодорхой мэдээлэл огт алга. Ер нь цаашдаа урт хугацааныхаа асуудлыг ярих хэрэгтэй. Дандаа "гал унтраах" байдлаар асуудалд хандмааргүй байна” гэж шүүмжилсэн.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “ Малчдын гол хэрэглээ дизель түлш олдохгүй байна. Орон нутагт АИ-92 шагийн системд орсон үнэ нь бүр 3500 хүрсэн байна. Улаанбаатар хотод оочер дугаар үүсээд эхэллээ. Салбарын сайдын хэлснээр нь уул уурхайн хоёр яамтай болсон юм гээ биздээ. Түлээ түлш, бензин нь яасан юм. Нөөцийн сав гээд л нэг юм яриад байгаа. Ц.Туваан сайдын үед савтай байсан юм уу. Бусад сайдын үед энэ асуудал нь болоогүй юм уу. Дайн дөрвөн жил болж байна” хэмээн шүүмжилсэн.
Сүүлийн 30 гаруй жил хойд хөршөөс шатахуун орж ирэлгүй тасалдсаны улмаас хомсдол үүслээ гэж сонссоноос нийлүүлэлт хэвийн байхад бүтэн сайн өдрийн ханган нийлүүлэлт, нөөцийн савгүйгээс болж хомсдол үүслээ гэж сонсоогүй билээ. Энэ нь цаанаа шалтгаантай хомсдол үүсгэж байна уу гэх хардлага өөрийн эрхгүй төрүүлж байна.
