m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2025.12.04 14:26
286
Чуулган: Анх удаа гэрлэж байгаа бол гэр бүлийн үүрэг, эцэг эхийн оролцоо ямар байх талаар сургалтад хамруулна

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн үдээс өмнөх хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эхний хэлэлцүүлгийг хийлээ.  

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш байдлыг хангана гэжээ. Яаж хэмжих гэж байгаа юм? Жендерийн тэгш эрх нь юу байх юм?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хүний үндсэн эрхэд эрэгтэй ч бай эмэгтэй ч бай адил тэгш эрхтэй гэж заасан. Жендерийн харилцааны асуудалд уламжлалт ойлголт болох өрх гэрийн эзэн илүү давуу эрхтэй, эмэгтэй хүн гал тогооны хүн дутуу эрхтэй гэж уламжлалт хандлага байж болохгүй. Цаашид эрэгтэй, эмэгтэй харилцан зөвшөөрч гэр бүл болсон бол эрх тэгштэй байх ёстой. Цаашид салвал мөн л эрх тэгш байх ёстой хэмээн хуульд суулгасан. Үгүй бол өрх гэрийн эзэн илүү орлоготой, нөгөө нь гэртээ ажилгүй суусан гэх байдлаар ханддаг. Гэр бүл болохдоо ч үүрэг гүйцэтгэхдээ ч салахдаа эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй гэдгийг оруулж өгсөн.  

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай :Шинээр бий болж байгаа нийгмийн зарим асуудал сүүлийн үед яригдах болсон. Тээгч эх, өв залгамжлалтай холбоотой хуульд заалт орж байгаа юу. Гэр бүл бологсод угийн бичиг хөтөлнө гэсэн заалт зайлшгүй оруулах ёстой юм болов уу. Тээгч эхийг одоо журмаар зохицуулж байгаа. Хуульд нарийвчлан оруулах нь зөв байх. Гэр бүл болж байгаа хосуудад соён гэгээрүүлэх, эцэг эх байх үүргийн талаар хуульчилдаг юм уу зааж оруулдаг юм уу. Үүнд нарийн зохицуулалт орж ирсэн үү? 

ЗГХЭГД, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бид уламжлалт зан заншлаараа аав ээж, удам судар үзэж, үерхэж байгаад гэр бүлд болдог. Сүүлийн үед нийгмийн хөгжлөө дагаад  гэр бүл болохдоо дурлаж, шохоорхоод гэр бүл болчихдог. Үүнээс болж гэр бүл салах олон асуудал үүсч байна. Өөрөө иргэн болж төлөвшөөгүй байхдаа хүүхдээрээ шахуу гэр бүл зохиож,  хүүхэдтэй болдог нь тухайн  амьдралын туршлага дутаж, асуудал үүсэхэд гэр бүл салах тохиолдол их байна.

Иймээс хуулийн шинэчилсэн төсөлд анх удаа гэрлэж байгаа бол гэр бүлийн үүрэг, эцэг эхийн үүрэг оролцоо ямар байх талаар  гэр бүлийн сургалтад хамруулдаг байхаар хуульд тусгаж өгсөн.

Үр хүүхэд төрүүлэх боломжгүй гэр бүл тээгч эх ашиглах явдал дэлхий нийтээр бий болсон. Үүнийг зохицуулсан харилцаа байхгүйгээс тухайн үед тохиролцоод тээгч эх болдог. Дараа нь маргаан гардаг байдлыг хуулийн төсөлд тусгасан. 

УИХ-ын гишүүн М.Мандхай: Хүүхэд төрөлхийн гажигтай, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй төрвөл захиалагч тал хүүхдээсээ татгалзах боломж байгаа юу?

ХЗДХЯ-ны ТНБД  Н.Мягмар Донорын тухай одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар эцэг эх нь хэн байхыг хуулиар тодорхой болгож, захиалагч нь хүүхдийн эцэг, эх байна. Тээж байгаад төрүүлсэн нь эх, эцэг байх нэхэмжлэл гаргахгүй гэдгийг хуульчилж байна. Нөгөө талаас эсээ донор болгосон захиалагч нар хүүхэд төрсний дараа  авахгүй гэх эрх байхгүйг хуулиар хориглож байгаа. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Ургийн овгийн асуудлыг шийдье. Ургийн овгийг монголчууд ойлгодоггүй, гадны иргэнийг монгол болгох гэж ойлгодог юм байна. Анх хэрэглэж ирсэн үүх түүх нь цус ойртолтоос сэргийлэхийн тулд. 1923 онд ургийн овог хэрэглэхийг хориглож, эцгийн нэр хэрэглэж эхэлснээс цус ойртолт ихэссэн. 21 аймаг 330 суманд 3, 4 дэх үедээ энд тэнд хоорондоо гэрлэж байна. Хүн амын тооллогын материал төрд байгаа. 2025 онд Польш улсаас авчирсан баримтад 2015 онд хийгдсэн тооллогын  баримт олдсонд маш нарийн деталь, удам судраар нь гаднаас ирсэн үү үгүй юу гэдэг нь ирсэн байна. Төр засгаас ураг төрлөөрөө нэгдээд ургийн овгоо шинэчлэх бололцоог бүрдүүлэх ёстой.  2018 оноос хойш 712 иргэн л ургийн овгоо солиулжээ. Энэ өөрөө архивын лавлагаа баримт бичиг хүндрэлтэй байдаг. Найман удаагийн хүн амын тооллогоо цахимжуулаад нийтээр бичилтийн болон зөрүүтэй зохиомол овог буруу гэдгийг тогтоох хэрэгтэй. Энийг хийж эхэлвэл маш олон боржигин овог өөрчлөгдөнө.  Яг жинхэнэ удам судар нь гарч ирнэ. Үүнээс харин айхгүйгээр бид тогтоох ёстой. Өнөөдөр 92 мянган овог байгаа. 1918 оны тооллогоор 1200 овог байсан.  Цус ойртолт маш олон суурь өвчлөл авчирч байна гэж тогтоогоод байна.

Нийт гэр бүлийн 9.2 хувь нь цус ойртолттой, 22 орчим хувь нь цус ойртсон байх магадлалтай, 30 орчим хувьд ямар нэг согог байна гэж байгаа нь тоглоом биш болсон. 32 төрлийн хорт хавдраар өвчлөөд байгаа суурь шалтгаан цус ойртолт болж байна. Иймээс холбогдох яамдууд мэдээллийн сан үүсгээд, ургийн овгоо шинэчилж баталгаауулах асуудлыг шийдье. Хэн нь хэн байсныг тогтоомоор байна. 

ХЗДХЯ-ны ТНБД   Н.Мягмар Ургийн овгийг хөтлөхтэй холбоотой гэрлэгчдийн эрх үүрэгт бий. Цус ойртолтоос сэргийлэх уламжлалт соёл бол ургийн овог хөтлөх. Боржигин, сартуул гэх байдлаар үндэслэлтэйгээр ургийн овгоо бичүүлээгүйгээс замбараагүй болсон хандлага бий. Буруу хөтлөгдсөн зүйлээ солих боломж нь бий. Хэлэлцүүлгийн шатанд журмын зохицуулалттай холбоотой ургийн бичгийг цэгцлэх асуудал хэлэлцүүлгийн шатанд дэмжүүлэх боломжтой.