m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.04 14:56
304
М.Энхцэцэг: Сонсгол хийснээр зээлийн хүү буурахад нааштай хувь нэмэр оруулна гэж харж байна

УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс Оюутолгойн сонсголтой холбоотой байр суурийг тодрууллаа.

Тэрээр  "Оюутолгой төсөлд бид алдсан, оносон олон асуудал бий. Түүний нэг нь Онтретэй холбоотой, мөн том бүтээн байгуулалттай холбоотой  зээл хэрэгтэй байсан. Үүнийг өндөр хүүтэйгээр авсан. Энэ хүрээнд УИХ-ын хийж чадах ажил нь нээлттэй сонсгол хийх. Нээлттэй сонсгол хийснээр монголын ард түмэнд ямар асуудал болоод байгаа мэдээлэл өгөх юм. Мөн зээлийн хүү буурахад  монголын талд нааштай шийд гарахад хувь нэмэр оруулна гэж харж байна. Шинэ гишүүдийн хувьд ОТ төсөл дээр өмнө нь ямар процесс болсон талаар мэдээлэл төдийлөн их биш. Иймээс энэ сонсголоор гишүүдийг бүрэн мэдээллээр хангах боломжтой. Оюутолгойгоос олж болох манай дараагийн томоохон боломж нь эрчим хүчээ Оюутолгой төсөлд зарах. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төсөл эрчим хүчээ Монголоос авах гэхээр манай улс өөрөө эрчим хүчний дутагдалтайгаас урд хөршөөс авч ирсэн. Одоогийн байдлаар 500-аад тэрбум төгрөгийн цахилгааныг энэ төслийн хүрээнд урд хөршөөс худалдан авч байна. Анх төсөл эхэлж байх үедээ ОТ монголоос эрчим хүч авахгүй гэдэг байсан ч ЗГ-ын олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд "Тавантолгой" ДЦС-аа барьчихвал монголын талаас авъя гэх шийдэлд хүрсэн. Авахдаа 9.5 центээр нэг кВт авъя. Цаашид индексжүүлээд явахаар болсон нь өнөөдрийн ханшаар өссөн байгаа.

Тэгэхээр "Тавантолгой" ДЦС-аа бид барьвал борлуулалт нь баталгаажсан гэсэн үг. "Тавантолгой дулааны цахилгаан станц" барихад хоёр их наядын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгвэл үйлдвэрлэсэн  эрчим хүчээ ОТ-д зарснаар дөрвөн жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой гэсэн үг" гэлээ.