m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.12.04 16:14
219
Рио зээлийн хүүг хэдэн хувиар буулгах санал илгээв?

 ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр хэвлэлийнхэнд яриа өгөхдөө “Зээлийн хүү 11 хувьтай байгааг бид зургаан хувьд хүргэх зорилго тавьж байгаа. Нөгөө талаас бидний санасан хэмжээнд хүртэл хүүг буулгах санал хараахан ирээгүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээг анх хийж байхад Оюутолгой төслөөс хүртэх өгөөж 53 хувь байна гэсэн. Харамсалтай нь менежментийн төлбөрөө нэмэгдүүлснээр үндсэндээ 75 хувь нь хөрөнгө оруулагч талд үлдэж байна. Одоо бол 34 хувийг эзэмшээд түүнд ногдох өр, зээлнээс салахгүй байна. Тиймээс тусгай АМНАТ аваад явах нь зөв гэх судлаачдын байр суурь байна. Гэвч эцсийн шийдвэрийг УИХ-аас чиглэл авч, зөвшөөрөл авч байж шийднэ” гэж ярилаа.

Зээлийн хүүг буулгахыг Монголын ард түмэн өдөр бүр хүлээж байгаа. Өглөө сэрэхдээ л 10 тэрбум төгрөгийн өрөнд ороод байгаа учраас арга ч үгүй биз. Монголын Засгийн газар хэлэлцээрт орж, 2025 онд зээлийн хүүг хэлэлцэх хугацаа өнгөрсөн ч асуудлыг ярих эхний алхмыг хийсэн бөгөөд одоо хүү хэд руу орж буух хамгийн сонин байгаа юм.

Тэгвэл С.Бямбацогт сайдын хэлснээр нөгөө талаас зээлийн хүүг хэд болгож буулгах эхний саналаа ирүүлчихээд байгаа юм байна. Тэр нь манайхны хүлээж байгаа 6 хувьд хүрэхгүй байгаа юм байна.

Хэдийнээс монголчуудыг үл тоож ханддаг Рио-гийн зүгээс хэдэн хувь буулгах санал ирүүлсэн юм бол? Манайхны хүлээлт 11 хувийг 6 хувь руу буулгах хүлээлттэй байгаа гэдгээ эрхэм сайд илэрхийлсэн. Санаанд нь хүрээгүй гэхээр хэдэн хувь юм бол? 4 хувь уу эсвэл 3 хувь юм уу. Эсвэл түүнээс бага гэж үү. Сангийн сайд Б.Жавхлан зээлийн хүүгээ буулгах түлхүүрээ олсон гээд тун баяртай байсан. Ерөнхий сайд ч Рио-гийн удирдлагуудтай онлайнаар ярилцаж, ОХУ-руу ажлын айлчлал хийхээсээ өмнө уулзалт хийсэн. Ер нь боломжийн үр дүн гарна гэж хүлээж байсан нь нууц биш. Оюутолгойн сонсгол бол явдгаараа явна, өнгөрсөн асуудлаа монголчууд мэдэх эрхийнхээ хүрээнд мэдэж авах нь чухал. Хэлэлцээр бас явдгаараа яваад үр дүнд хүрэх ёстой. Гэтэл хангалттай санал цаад тал тавихгүй байна гэдэг монголчуудыг үл тоодгоороо тоогоод байна уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Энэхүү зээлийн хүүгийн хувь бууж байж, эмч багш нарын цалин, ахмадуудын тэтгэвэр яригдаж чадна. Одоогоос 7 жилийн өмнө зээлийн хүүг буулгах тухай яригдаж байхад Рио-гийн тал манай зээлийн хүүгээс ганцхан хувь буулгах санал ирүүлж “доромжилж” байсан талаар тухайн үеийн ажлын хэсгийнхэн ярьдаг. Харин энэ удаад тэд хэдэн хувиар буулгах тухай санал ирүүлсэн юм бол?