m.mn
түрүүлж мэдээлнэ
Гэмт хэрэг
2025.12.04 16:33
531
АМГТГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ш.Ганхуяг бусдаас 2.7 тэрбум төгрөгийн авлига авсан хэргийг АТГ-аас шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтан нь бусдаар дамжуулан аж ахуйн нэгжээс хахууль авч, мөнгө угаасан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Олон овоот гоулд” ХХК-иас 148,5 тэрбум төгрөгийг "Зоос" банк, "Хадгаламж" банк, "Анод" банк дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэсэн 18 гүйцэтгэх баримт бичигт 2012  оноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дэвсгэрт байрлах 8 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Монголбанкнаас томилогдсон Банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн байна.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байсан нэр бүхий удирдах албан тушаалтан нь Монголбанкнаас томилогдсон Банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2025  оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Олон овоот гоулд” ХХК болон “Зөв зүг” ХХК-иудын эзэмшилд  хууль бусаар шилжүүлж, үүнийхээ хариуд 2,7 тэрбум төгрөгийг бусдаар дамжуулан хахуульд авсан, албан тушаалын байдлаа урвуулан 148,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг АТГ-аас илрүүлэн шалгаж байна.

Эрүүгийн хуулийн 22.4  дүгээр зүйлийн 2, 22.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт холбогдуулан 3 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 1 хүнийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 

Гэмт хэргийг бүрэн илрүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох замаар төрд учирсан 148,5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч ажиллаж байна.  

ЭХ-ийн 22.4 Нийтийн албан тушаалтан хахууль авах

22.4.2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЭХ-ийн 22.5 Хахууль өгөх

22.5.1 Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Авлигын эсрэг хуулийн 15.1-д Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.

ЭХХШТХ-ийн 29.3 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал

29.3.1 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана.    

              29.3.5 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно.