

Улирлын томуугийн дэгдэлтээс үүдэн сурагчдын хичээлийг танхимаар болон цахимаар оруулах хэрэгтэй гэх эцэг, эхчүүдийн санал, гомдол их гарч байна. Тиймээс тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас тодрууллаа.
Тэрээр, Миний байр суурь энэ асуудал дээр маш тодорхой байдаг. Жил бүр томуугийн дэгдэлт болж, яаж тардаг нь ч ойлгомжтой байдаг. Тэгэхээр үүнийг урьдчилан таамаглах боломжтой. Түүнээс борооны дараа цув нөмрөв гэдэг шиг асуудалд хандаж болохгүй. Тиймээс эхлээд эрүүл мэндийн үндэсний зөвлөл шууд тогтоолоо гаргах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчний улирал энэ саруудад гарна, иргэдэд ийм эмчилгээний багц гаргана гээд зарлах хэрэгтэй. Ингэвэл хувийн болон улсын эмнэлгүүд уралдаад л өвчтөнг хүндрүүлэхгүй байх арга хэмжээг дор нь авна.
Мөн витамин Д-тэй сүүг сургуулийн хүүхдүүдэд өгөхөд амьсгалын замын халдварыг 50 хувиар бууруулж, эмнэлэгт хэвтэлт, хичээл таслалтыг бууруулсан гэх судалгааны үр дүн гарсан. Энэ судалгааг жил жилийн давтамжтай хийсэн. Тиймээс витамин Д-тэй хоол хүнс, сүүг төрийн худалдан авалтад заавал оруулах шаардлагатай.
Эрүүл мэндийн салбарын хувьд томуу, томуу төст өвчний үеийн санхүүжилтийг бэлэн байлгаж байх шаардлагатай байгаа. Ингэснээр зөвхөн томуу, томуу төст өвчин биш улаанбурхан зэрэг бусад хурдан тархдаг халдварт өвчлөлүүд дээр яаралтай түргэн шуурхай арга хэмжээг авах боломжтой.
Шууд дамжуулалт:
