m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.05 18:03
222
Х.Нямбаатар:Ирэх онд хоёр их наяд төгрөгийг нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталсан. Үүнтэй холбоотой Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатараас тодруулга авлаа. 

-Нийслэлийн ирэх оны төсвийг баталлаа. Төсвийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн 2026 оны төсвийг 4.6 их наяд төгрөгөөр дөнгөж сая баталлаа. Төсөвт суусан 1.5 их наяд нь урсгал зардалд зарцуулагдана. Нийслэлийн харьяа бүх байгууллагын ажилчдын цалин, байр ашиглалтын зардал, хот нийтийн аж ахуйн засвар, хог, тээвэр, цэвэрлэгээ гэх мэт зардалд энэхүү 1.5 их наяд нь зарцуулагдах юм. Бид төсвийг төлөвлөхдөө өмнөх оны мөн үеийн урсгал зардлыг хэмжээг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч ажиллалаа.

Засгийн газраас ирэх онд төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлж байгаа тул нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим ажилчдын цалинг нэмлээ.

Ирэх онд 2 их наяд төгрөгийг нийслэлийн бүтээн байгуулалтад зарцуулна.

Улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээж байгаа, улсын төсвийг батлахдаа УИХ-аас ийм үүрэг хүлээлгэсэн.

Нийслэлийн төсвийг батлахдаа дүүргүүдийн төсөвт 265.2 тэрбум төгрөгийг үлдээж байна. Үнэт цаас болон хүүгийн төлбөрт 408 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөр, дамжуулан зээл дээр 100 тэрбум төгрөгийн төсвийг төлөвлөлөө.

Ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтын онцлог бол түгжрэлийн асуудлаа шийдэх тэргүүн зорилго тавьсан.

Үүний тулд Туулын хурдны замыг санхүүжүлэх дүнг 800 тэрбум төгрөгөөр төсөвлөлөө. 2027 онд Туулын хурдны замд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж дуусахаар төлөвлөж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг 15-20 хувиар бууруулах зорилт тавьсан. Бид 2026 оны гуравдугаар сард далангийн ажлыг эхлүүлнэ, 2027 оны долдугаар сарын 1-н гэхэд зорчих хэсгийг нээх шахуу төлөвлөгөө тавьсан. Өөрөөр хэлбэл, хоёр их наяд төгрөгийн 800 орчим тэрбум төгрөг Туулын хурдны зам дээр тавигдаж байгаа юм.

Ирэх жил бид Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн боловсролын салбарт нийт төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнхийг сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулахад, худалдан авахад тавьсан. Хан-Уул дүүрэгт сургууль, цэцэрлэг нийлсэн 13 төсөл хэрэгжүүлнэ. Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо шинээр суурьшил үүссэн, хүн амын төвлөрөл маш ихээр явагдаж байгаа. Ирээдүйд үүсэх хороодод шинээр сургууль, цэцэрлэг барьж байгуулах, худалдан авах төсвийг тавьсан.

Баянгол дүүргийн хүн амын төвлөрөл ихтэй Алтай хотхонд сургууль цэцэрлэг шинээр барьж байгуулахаар өнгөрсөн жил эхлүүлсэн ажлаа ирэх жил дуусгахаар хөрөнгө оруулалтыг тавилаа. 10 дугаар хороололд байдаг Голден парк, Техник импорт, Нарны хорооллын орчимд сургууль өргөтгөх төсвийг тавьсан. Баянзүрх дүүргийн хамгийн их төвлөрөл ихтэй 36, 26 дугаар хороодод сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулах, Ривер гарден орчимд хоёр сургууль, цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлэн дуусгахаар хөрөнгө оруулалтыг тавилаа.