m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.08 16:11
336
С.Мөнхсүх: “Онтре”  гэж байгаагүй бол ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх  шаардлагагүй байсан

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах эхний өдрийн сонсгол үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: ТЭЗҮ дээр тусгасан нөөцийг бууруулж байгааг юу гэж ойлгох вэ. 1800 тонн алтны нөөцийг 240 тонн, 23 сая тонн зэсийн нөөцийг 8,7 сая болгоод бууруулжээ. Үүний цаана үр ашиг буурлаа гээд өгөөж давхар буурах нөхцөл Монгол Улс өөрөө дааж давшгүй өртэй үлдээд байгалийн баялаг шавхагдаад дуусах нөхцөл үүсэхвий. Ирээдүйг яаж харж байна вэ?

“Оюутолгой” ХХК гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: “Онтре”-гийн хоёр талбайг ашиглаад явах нь бүх талуудад илүү үр өгөөжтэй шийдэл гэж харж байгаа. Яагаад гэвэл Онтрегийн  талбайд байгаа биетийг оюутолгойгүйгээр эдийн засгийн үр өгөөжтэй олборлох боломжгүй. ОТ урьдчилаад хөрөнгө оруулалтаа хийж, тулаад зогссон. Бүх баяжуулах үйлдвэр дэд бүтэц нь Онтрегийн талбай ашиглаад явахаар байгаа. Энэ лицензийн талбайд байгаа биетийг ашиглах нь бүх талуудад ашигтай. Оюутолгой компани Онтре компани энэ лицензийн эзэмшигч мөн гэж хүлээн зөвшөөрч байгаагаас энэ лицензийг ашиглавал хариуд нь ашгаасаа хуваалцах, нөхөн төлбөр өгөх ёстой. Үүнийг тохиролцох нь гол асуудлуудын нэг нь энэ юм.

Хөрөнгө оруулалтын гэрээ зурж байхад "Онтре" Оюутолгойн талд ашиглагдана гэж байсан. "Онтре" хэрэв байгаагүй бол ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж, сав саалиа бэлдэх шаардлагагүй байсан.

2004 оны гэрээг сайжруулах талууд байсан. Зээлийн хүү, менежментийн төлбөр ч байна уу. 2009 оны гэрээнээс таван жилийн өмнөх асуудал байгаан. Бидэнд энэ гэрээг сайжруулах боломж байсан. Сайжруулсан хувилбараар ОТ ТУЗ жил хагасын өмнө өргөн барьсан ч одоо болтол шийдэгдээгүй байгаа. Тэр гэрээнд Монгол талын оролцоог бүрэн тусгаад өнөөдрийн хэрэгжиж байгаа хуульд нийцүүлэх гэсэн байр сууринаас хандаж байгаа. Тэр гэрээг харвал монгол тал 59 хувийн өгөөжтэй байна гэсэн тооцоо манайд бий.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Алт, зэсний үнэ өсөөд байна. Оюутолгойгоос уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гараад явж байгаа ч үүнийг дагаад монголын эдийн засаг сайжрахгүй байна. Цалингаа нэмж чадахгүй байна. Хөрөнгө оруулагчдаа үргээж болохгүй гэж байгаа ч хөрөнгө оруулагч монголын хуулийг уландаа гишгэж болохгүй.

Би бол Онтре дээр тусдаа гэрээгээр явах ёстой гэдэг байр суурьтай байна.