

Монгол улсын хэмжээнд 100 гаруй төрийн өмчит компани бий. Эдгээрийн дийлэнх нь ашиггүй ажилладаг. 2023 онд гэхэд л төрийн өмчит 54 компани 3.4 их наядын алдагдалтай ажиллажээ. Тиймдээ ч ашиггүй ажиллаж байгаа ТӨХК-уудыг татан буулгаж, хувийн хэвшлээ дэмжих бодлогыг баримталж буй.
Гэтэл 2024 онд "Ашигт малтмалын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулахдаа "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө оруулагч 34-өөс дээш хувийн хувьцаа эзэмшихийг хязгаарлах" тухай тусгасан. Энэ нь үндсэн хууль зөрчиж байна хэмээн үзэж хуульч Б.Баяраа Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Тэрээр “Үндсэн хуульд заасан “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн байтал ашигт малтмалын тухай хуульд үүний эсрэгээр буюу "үнэгүй" авна гэсэн байна.
Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшиж байгаа компани 3/1-ээс дээш байж болохгүй гэж тусгасан нь өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлсан. Өөрөөр хэлбэл, хууль батлах замаар хувийн өмчийг хурааж байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Хувийн өмч, чөлөөт эдийн засгийг дэмждэг, ардчилсан эрх зүйт төртэй аль ч улсын хувьд хэн нэгний өмчийг үнэ төлбөргүйгээр төрд хураан авч нийгэмчилдэггүй.
Төрөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшсэний хариуд компанийн хувьцааг төр нь үнэ төлбөргүй авч, улмаар хүчээр хамтран бизнес хийх шаардлага тавьдаг улс орон байхгүй" гэв.
