

Оюу толгойн хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол даваа гарагт /2025.12.08/ эхэллээ. Сонсголын эхний өдөр 91 гэрч ирж, иргэдэд мэдээллийг нээлттэй, ил тод, баримттайгаар хүргэв.
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол Монголчууд бидний хувьд гуравдагч хөрштэй байгуулсан анхны томоохон хөрөнгө оруулалтын хэлцэл юм. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш оносон, алдсан олон зүйлийг засаж, сайжруулах, хувьцаа эзэмшигчид ойлголцлын нэг түвшинд хүрч, төслийн хэрэгжилтэд нөлөөлж буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хүлээгдсээр байна. Тийм ч учраас Оюутолгойн хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголыг хийж буй.
Сонсголын эхний өдөр Онтрэ компанийн эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг өмнөх алдааг давталгүйгээр шийдвэрлэх, монголчуудад ашигтай гэрээг үзэглэхэд юунд анхаарах ёстой талаар ярилцаж, нотлох баримтыг шинжлэн судалсан юм.
16 жилийн өмнө Оюу толгойн гэрээг хэрхэн байгуулсан бэ?
Анхны хөрөнгө оруулалтын гэрээний төслөөр “Оюу толгой”-н ил уурхайн нийт төсвийг 2.7 тэрбум ам.доллар байхаар тооцоолж, Монголын тал Оюутолгой ХХК-ийн 34 хувийг шууд эзэмших бөгөөд харин 34 хувийн хувьцаанд ногдох анхны хөрөнгө оруулалтыг оруулаагүй тохиолдолд Хөрөнгө оруулагч тал Хүү ЛИБОР+3.3 хувийн хүүтэй зээлийг олгох талаар тусгасан байдаг. Гэвч энэхүү гэрээг 2008 оны сүүлээр УИХ-аас Засгийн газарт буцаасан.
Рио Тинто нь Айвенхоу Майнз Компанийн зарим хувьцааны хэсгийг худалдаж авснаар гэрээний нэг тал болж үргэлжлүүлэн Монголын Засгийн газартай хэлэлцээр хийж, УИХ-д хэлэлцүүлсний дараагаар Засгийн газартай 2009 оны 10 дугаар 06-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан (Хувь нийлүүлэгчдийн гэрээг хавсралтаар өргөн баригдсан).
АМГТГ-аас баталсан 2010 оны ТЭЗҮ-ээр анхны ил уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум ам.доллар байхаар тусгасан байдаг бол Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр Монголын талын төлөх зээлийн хүүний хэмжээ АНУ-ЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ДЭЭР НЭМЭХ НЬ 9.9 ХУВЬ байхаар харилцан тохиролцсон байдаг.
Монгол Улсын Засгийн газар 2011 онд Хөрөнгө оруулагч талтай дахин яриа хэлэлцээ хийж Монголын талын төлөх зээлийн хувь хэмжээг бууруулж ЛИБОР+6.5 (2023 оноос SOFR+6.5) хувь болгох, энэхүү зээлийн хувь хэмжээг 7 жил тутам эргэн хянах талаар Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
ЭБМЗ-өөс баталсан 2016 оны ТЭЗҮ-ээр Оюу толгой төслийн 2 дахь шат болон далд уурхайн бүтээн байгуулалтын төсөв 5.3 тэрбум байхаар тооцоолсон байдаг боловч 2021 оны хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлтээр 6.7 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна.

Өгөөжийн хувьд Оюу толгой төсөл анх эхлэх шатанд буюу ТЭЗҮ 2010-т Монголын талын өгөөжийг 53% байхаар тооцоолж байсан бол бодит гүйцэтгэлээр өгөөжийн харьцаа алдагдаж 26%-тай байна.
Оюу толгой төсөлд 2010-2024 оны байдлаар нийт 21.9 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдсэн бөгөөд уг санхүүжилтийн 4.2 тэрбум ам.доллар буюу 19%-ийг хувьцааны, 17.8 тэрбум ам.доллар буюу 81%-ийг зээлийн санхүүжилт эзэлж байна.
Нийт зээлийн санхүүжилтийн 10.1 тэрбум ам.доллар буюу 61%-ийг Хувь нийлүүлэгчдийн зээлээр бүрдүүлсэн бөгөөд 2024 оны эцэст Хувь нийлүүлэгчдийн зээл нь 11.3 тэрбум ам.доллар (үндсэн зээл: 6.1 тэрбум ам.доллар, хүү: 5.2 тэрбум ам.доллар)-ын үлдэгдэлтэй байгаа юм.
Оюу толгой ХХК нь 2010-2024 оны хооронд хувь нийлүүлэгчдийн зээлээс нийт 6 тэрбум ам.долларын эргэн төлөлт хийсэн байна.
Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 2024 оны жилийн эцсийн байдлаар 11.3 хувь байгаа нь дотоод, гадаад бусад санхүүгийн хэрэгслийн зээлийн хүүтэй харьцуулахад 3-6 нэгжээр өндөр байна.
Тийм учраас зээлийн хүүгээ бууруулах, Онтрэ компанийн гэрээг ашигтайгаар үзэглэх нь чухал байна. Сонсголын эхний өдөр 16 жилийн өмнөх Оюутолгойн гэрээ, Онтрэ компанийн гэрээ хоёр тусдаа ойлголт. Онтрэгийн гэрээг шинээр байгуулах ёстой гэдэг дээр гэрчүүд санал нэгдлээ.
Шууд дамжуулалтыг үзэх:
