

Оюутолгой ХХК-ийн анхны ТУЗ-ийн нэг П.Цагаанаас тодрууллаа. Тэрээр "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009.10 сард байгуулагдсан. Бид дараа оных нь зургаан сард томилогдож байсан. Анхны ТУЗ-ийн хувьд хамгийн гол үүрэг төслийн үйлдвэрийг эхний ээлжийг хугацаанд нь ашиглалтад оруулах байлаа. Тэр үед Ханбогд сум тэмээ, ан амьтан бэлчсэн тал нутаг байлаа. Тэр газарт үйлдвэр байгуулах хариуцлагатай ажил ногдсон. Үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна. Мега төслийг хугацаанд нь ашиглалтад оруулсан нь дэлхийд бараг анхных байх. Үүний тулд олон сорилттой нүүр тулсан. 1300 метрийн доор цооног ухах, ил уурхай гээд олон төсөл байсан. Үүнийг барьж байгуулахад урд хөршөөс 10 000 ажилчин авчирч, кэмп байгуулж, 24 цагаар амралтын өдөргүй ажиллуулж байсан. Ажлын сорилттой нүүр тулсан. Үүний хажуугаар хоёр хүндрэлтэй ажлыг онцолъё. Гэрээ байгуулагдсанаас хойш долоо найман сар өнгөрсөн, биднийг очиход бүх гэрээ хэлцэл байгуулагдсан байлаа. Бид үндэсний компанийг бүтээн байгуулалтад түлхүү оруулах бодлоготой ярьсаар байгаад хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Хувьцаа эзэмшигчдийн 51-ээс дээш хувь нь монгол хүн бол үндэсний компанид тооцно гэж эхний ээлжид тэднийг ажил үүргээр хангана гэж дэвшил гаргасан.
Мөн зээлийн хүүгийн асуудал сорилт байлаа. Зээлийн хүү асар өндөр байсанд гайхаж байсан. Учир нь АНУ-ын хэрэглээний индекс дээр суурилж хүү тооцохоор бараг 13 хувийн хүүтэй, энэ нь таалагдахгүй байсан. ТУЗ-ийн хурал дээр олон удаа ширүүн маргаан болж, хурлыг завсарлуулж, самбар дээр гарч байгаад яагаад АНУ-ын инфляци нэмэгдэхээр манай зээлийн хүү нэмэгддэг юм гэсэн. Иймээс тухайн үед маш өндөр байсан зээлийн хүүг 11,5 хувь болгон бууруулж, тухайн үеийн тооцоогоор 1,5 тэрбум долларын хэмнэлт гарч байсан.
Одоо лайбор дээр 6,5 хувийн хүүтэй байгааг багасгах боломжтой гэж харж байна. Н.Алтанхуяг ерөнхий сайд гурван жил ТУЗ-өөр ажиллаа одоо болноо. Үйлдвэрийг ашиглалтад оруулж түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэсэн" гэлээ.
