Латин нэр нь Fuchsia. Монгол нэршил нь Ялдам цэцэг заримдаа Гүнжийн нулимс ч гэж нэрлэх нь бий. Өмнөд Америк болон шинэ Зеландаас гаралтай цэцэг юм. 1789 онд Англи улсд анх аваачиж шилжүүлэн тарьсанаас хойш дэлхий даяар өргөн тархжээ. 7000 гаруй төрөл зүйлийг нь одоогоор эрдэмтэд олж тогтоогоод байна. 80-120см хүртэл өндөр ургадаг. Бутлаг болон унждаг хэлбэрээр ургадаг. Навч нь 3-5см хүртэл урт ургадаг ба хонхон хэлбэртэй ягаан, улаан, цагаан ,гүн ягаан өнгийн 4-6см орчим урттай цэцэгнүүд хавраас намар хүртэл цэцэглэдэг. Их гоёмсог цэцэгтэй тул цэцэг тарьдаг хүмүүсийн дунд ихэд өргөн тархсан цэцэг.
Хөрс
Ус сайн шингээдэг шим тэжээл сайтай хөнгөн чанарын хөрсөнд суулгана. Хөрсийг хэт хатаах / услахаас сэргийлэх хэрэгтэй. Савны ёроолд хайрга эсвэл керамзит дэвсэж өгнө. Дүүжилдэг саванд тарьвал гоё үзэмжтэй харагддаг.
Усалгаа
Усалгааг хөрсөө харж байж тохируулж услана. Хэт нойтон биш чийглэг байхаар бодож услана. Ус багадвад их мэдрэмтий бөгөөд навч нь унжиж урвайгаад ирдэг. Зун намартаа их хэмжээгээр өвөлдөө бага услана.
Гэрэл дулаан
Өдрийн хурц нарны гэрэл тохиромжгүй бөгөөд хагас сүүдэрлэг гэрэлтэй орчин тохиромжтой. Өглөөний нар болон үдээс хойш нарны гэрэл багассан үе тохиромжтой байдаг. Өдрийн дулаан 15-18с шөнөдөө 10-12с байх нь тохиромжтой. Сэрүүвтэр орчинд дуртай цэцэг юм. Намар зуны халуун агаартай үед навч цэцгийг усаар байнга шүршинэ.
Шилжүүлэн суулгах ба үржүүлэх
Үр болон мөчрийн тайрдасаар үржүүлнэ. Үрээр ургуулах нэлээд ярвигтай тул мөчрөөр үржүүлэх аргыг сонгосон нь дээр болов уу. Мөчрийг 3 сарын эхээр тайрч усанд хийж үндэслүүлнэ. Мөчир сонгохдоо залуу эрүүл мөчир сонгох ба дээд талд нь 3 үе мөчир үлдээж бусад навчийг тасалж авна.Зун 5 сарын дундуур хөрсөн дээрх цочир хүйтрэлт дууссаны дараа гадаа талбайд суулган тарьж болно. Гадаа суулгахдаа нэг метр квадрат талбайд хоёр атга ясны гурил байхаар тооцож нүхэнд хийж дараа нь ханатал услана.
Бордоо
Долоо хоногт нэг удаа шингэн бордоогоор бордоно. Бордохын өмнө цэцгээ бордоогүй усаар усалсанын дараа хэдэн минут болоод бордоо найруулсан усаар усалдаг гэдгийг битгий мартаарай. Бордоотой усаар шууд усалбал үндэс түлэгдэж үхэх аюултай байдаг.
Хортон шавьж ба өвчлөлт
Цэцэг ургамал өвчлөх ба хортон шавьж үржих нь хоёр гол зүйлээс нөлөөлдөг. Хөрсөн дээр унасан навч шилбийг цэвэрлээгүй удсанаас ялзарч муудан хортон шавьж үржих нөхцөлийг бүрдүүлдэг тул унасан навч иш шилбийг тэр даруйд нь цэвэрлэж байх. Хоёрдугаарт агаарын хэт хуурайшилтаас болж навч өвчлөх хортон шавьж үүсэх нөхцөл бүрддэг. Иймд агаарын чийгшилийг тогтмол байлгаж ялдам цэцгийн навчийг дотор гадаргүй тал талаас нь навчийг сайн шүршиж өгч байгаарай.