

“Оюутолгой” ХХК-аас анх удаа нууцын тамгагүй бичиг илгээжээ. Гэвч энэхүү бичгийг хэн үйлдсэн нь тодорхойгүй, тамга гарын үсэггүй байгааг хэн ч харсан хамгийн түрүүнд анзаарахаар байна.
Мэдээллийн агуулгад нээлттэй сонсголын үеэр үг хэлэх эрхийг нь минутаар хязгаарласан гэж онцолжээ. Тэгвэл нээлттэй сонсголд оролцож буй бүх хүнд асуух болон хариулах таван минут, хоёр удаа нэг минутаар сунгах байдлаар хууль ёсны дэгийн дагуу явж байгааг оролцож буй талууд, хэвлэл мэдээллийнхэн, үзэгчид бүгд харж байгаа билээ. Ганц хөрөнгө оруулагч талын үгийг хэлүүлээгүй биш оролцогч бүх талууд таван минутандаа багтаан ярихыг Дэгийн тухай хуулиар зааж өгсөн. Үүнийг гадаад, дотоодын бүх оролцогч тал биелүүлэх үүрэгтэй билээ.
Нөгөө талаар “Оюутолгой нээлттэй сонсголд “Оюутолгой” ХХК-аас илгээсэн бүх бичиг нууцын дардастай, түүнийгээ шинээр томилогдсон гүйцэтгэх захирал С.Мөнхсүх компанийн дотоод асуудал, олон нийтэд зориулагдсан мэдээлэл биш хэмээн тайлбарласан нь олны дургүйцлийг эрхгүй төрүүлсэн. Сонсгол болох талаар олон хоногийн өмнө зарлаж, оролцогч талуудад мэдээлэл хүргүүлж байхад сонсголд ашиглаж болох материалуудаа нууцаас гаргаагүй байж “Бидний талаас ч мөн цаг заваа зориулсан” хэмээх тайлбар нь илтэд доромжилсон, парламентийг үл хүндэтгэсэн байдал үзүүлсэн юм.
Оюутолгой хянан шалгах түр хороо байгуулснаас хойш таван сарын дараа тус компанийн зүгээс нууцын дардасгүй мэдээлэл илгээсэн нь энэхүү бичиг болж байна. Гэвч энэ нь Архивын тухай хууль, Албан хэрэг эрхлэх тухай хууль, Компанийн тухай гээд хэд хэдэн хуулийг зөрчжээ.



