Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.12.11 16:21
203
Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг УОК-ын хуралдаанд танилцууллаа

Улсын онцгой комиссын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  Ц.Мөнхнасан, холбогдох албан хаагчид оролцож,  хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан дүнг танилцуулав.

Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолын хүрээнд аймаг, сумын аюулгүй нөөцөд нийт 36.4 мянган тонн бүдүүн, 30.8 мянган тонн хүчит тэжээлийг бэлтгэхээс бүдүүн тэжээлийн бүрдүүлэлт 87 хувь, хүчит тэжээлийн бүрдүүлэлт 43 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оныхоос  бүдүүн тэжээл 17.2 мянган тонноор, хүчит тэжээл нь 18.3 мянган тонноор тус тус илүү байна.

Мал аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд аймаг, сумын төсвөөс нийт 16.37 тэрбум төгрөг, дунджаар нэг аймаг 744 сая төгрөгийг зарцуулжээ. Өмнөговь аймаг хамгийн их буюу 2.4 тэрбум төгрөг,  Говьсүмбэр аймаг хамгийн бага буюу 10.0 сая төгрөг зарцуулсан байна.

Ийнхүү аймгууд мал аж ахуйн өвөлжилтөд харилцан адилгүй ач холбогдол өгч байгаа нь  малын зүй бус хорогдол гарах,  малчдын амьжиргаанд сөрөг нөлөө үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх бөгөөд цаашид аймгийн удирдлагууд малчид, иргэдийнхээ амьжиргааг хамгаалахад онцгой анхаарч, өвөлжилтөд жигд төсөв зарцуулж ажиллах шаардлагатай байгааг тодотгов.

Энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд 1.4 сая тонн хадлан, 6.8 мянган тонн сүрэл, 72.5 мянган тонн ногоон тэжээл, 39.8 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 29.3 мянган тонн гар тэжээл, 4.3 мянган тонн дарш, 78.6 мянган тонн давс, хужир бэлтгэж нөөцөлсөн байна.

Улсын хэмжээнд 2025-2026 онд 211.6 мянган малчин өрхөд 60.9 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 117.9 сая толгой хонь өвөлжиж, хаваржихаар байгаа бол 16.6 мянган малчин өрхийн 5.7 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржихаар байна.

Хонин толгойд шилжүүлснээр нийт 4.2 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлж, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн эрсдэлийг бууруулав. 

Цаашид өвөлжилтийг хүндрэлгүй даван туулахад  аймаг, сумын аюулгүйн нөөцийн нөхөн бүрдүүлэлт хийх, зарим аймагт туулах чадвартай автомашин олгох, томилолт, шатахууны зардал шийдвэрлэх шаардлагатай байгаа гэв.