Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.12.11 16:37
469
М.Бадамсүрэн: “Аварга малчин”-ыг малаас гаргаж авсан ашиг шим, төлсөн татвараар нь шалгаруулдаг болно

Улсын аварга малчныг шалгаруулах журамд өөрчлөлт оруулах санал гаргасан тухайгаа ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн танилцууллаа. 

Тэрээр "Жилд 100 малчныг л “Аварга малчин”-аар шалгаруулах ёстой. Гэтэл УИХ-ын гишүүд тойрогтоо нэмж бичүүлээд байдаг. Цаашид малаас гаргаж авсан ашиг шим, төлсөн татвараар нь шалгаруулдаг болно. Хамгийн гол үзүүлэлт бол татвар төлсөн байдал. "Аварга малчин" хэдэн төгрөгийн орлого олж, хэдэн төгрөгийн татвар төлсөн нь хамгийн чухал үзүүлэлт байдаг.

Цаашид Улсын аварга малчныг шалгаруулах журамд өөрчлөлт оруулах саналаа Засгийн газарт өгч байна. Үүний дагуу, малчид малынхаа ашиг шимийг дээшлүүлж, хэдэн төгрөгийн орлого олж, хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ гэдэг нь гол үзүүлэлт болно. Мөн малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, нийгмийн асуудалд анхаарах, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Малчдад зориулсан мэдээлэл, сургалт өгнө. Дундын хоршоо хэлбэрээр хөгжих, олон улсын туршлага нэвтрүүлэх, тэжээл тариалах, малаа битүү хашаатай болгох зэрэгт дэмжлэг, сургалт, зөвлөгөө өгөхөөр бэлтгэж байна.

"Аварга малчин"-ыг чанартай, цөөнөөр шалгаруулж, бусдадаа үлгэр дуурайлал, манлайлал үзүүлэх чиглэл рүү явахыг олон нийт хүсэж байна.

Хэдхэн жилийн өмнө нэг аймгаас нэг л малчин шалгардаг байсан бол одоо зарим аймгаас 8-10 гаруй малчин шалгарч байна. Цаашдаа бид бэлчээрийн хамгааллын бодлогод анхаарах ёстой. Нийт бэлчээрийн тэн хагас хувь нь доройтолд орсон байна. Тэгэхээр малын тоо толгойг өсгөхөөс илүү, чанартай, цөөн малаас их ашиг шим олох бодлого руу шилжүүлэх ёстой. Үүнийг бодит ажил болгоно" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: