Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.12.12 15:50
159
Монголын бараа, бүтээгдэхүүн 200 сая хүнтэй зах зээлд хөл тавина

УИХ-аас Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хийх худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа. Энэ хэлэлцээр батлагдсанаар Монгол Улс худалдааны хувьд хоёр хөршгөөсөө хэт хамааралтай байдлаасаа ангижирч, эдийн засгаа төрөлжүүлэх боломж нээгдэж байна. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, нүүрсний эдийн засагтай болоод удаж буй. Нүүрсний үнэ өсөхөөр баярлаж, унахаар балардаг. Чөтгөрийн энэ тойргоос гарахын тулд эдийн засгаа төрөлжүүлэх зорилтыг Г.Занданшатарын Засгийн газар дэвшүүлж, эдийн засгийн тусгаар тогтнолыг батжуулах алхмуудыг хэрэгжүүлэхээ зарласан.

Энэхүү хэлэлцээр батлагдсанаар манай улсын ДНБ 0.02, хөрөнгө оруулалт 2.57 хувь, Евроазийн гишүүн орнууд руу хийх экспорт 24.1 хувиар өсөх боломжтойг Эдийн засгийн хөгжлийн яамнаас хийсэн судалгаанд дурджээ.

Евроази бол 200 сая хүн амтай том зах зээл. Түр хэлэлцээрийн дагуу Монгол Улсын 367 тооны бараа, бүтээгдэхүүн Евроазийн зах зээлд татваргүй болон маш бага татварын нөхцөлтэйгээр хөл тавина. Ингэснээр экспортын орлого нэмэгдэж, үндэсний аж ахуйн нэгжүүд хөл дээрээ бат зогсож, улсын эдийн засаг уул уурхайн хамаарлаас ангижрах үүд нээгдлээ. Бидэнд шинэ боломж гарч байна гэсэн үг.

Улсын экспортын 91.2, уул уурхайн бүтээгдэхүүний 94.7, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолдог.

Энэ нь нэг улсаас хэт хамааралтай болж, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулах эрсдэлтэйг санхүүгийн шинжээчид анхааруулсаар ирсэн. Одоо энэ хамаарал огцом биш ч аажмаар багасна.
Малын мах, арьс шир, ноос ноолуур зэрэг 367 мөр барааны экспортод тавих хязгаарлалт, мөн логистик, стандартын хаалтууд 10-15 хувь буурна гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Махны экспорт хоёр дахин нэмэгдэх боломж гарч байгаа юм. Хувийн хэвшлийнхэнд маш том орон зай нээгдэнэ. Тэр хэрээр экспортын орон зай тэлнэ. Түр хэлэлцээрийг батлахдаа олон нийт, бизнесийнхнээс гарсан шүүмжлэлийн дагуу зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хассан. Энэ нь өндөг зэрэг бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах зорилготой. Тамхин дээр ч УИХ-аас тусгай тогтоол гаргаж зохицуулалт хийхээр боллоо. Монголын 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн Евроазийн 200 сая хүнтэй зах зээлд хөл тавих үүд ийн нээгдлээ.