m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
3 цагийн дараа
140
Оюутолгойн сонсголыг үр дүнд хүргэх үүргийг “сонсогчид” хүлээлээ


Оюу Толгойн асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол өнгөрсөн долоо хоногт өрнөж, Рио Тинто компанитай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ болоод Онтрэ ресурсын эзэмшиж буй Жавхлан, Шивээ толгой лицензийн талаар иргэдэд нэгдсэн нэг ойлголт өглөө. 16 жилийн хугацаан дахь талцал хуваагдлыг мухарласан үйл явдал болсон юм. 
Нөгөө талаар тухайн үед шийдвэр гаргаж байсан оролцсон гээд 300 гаруй төрийн өндөр албан хаагч, УИХ-ын дарга, ерөнхий сайд, салбарын сайд нарыг гурван өдөр гэрчээр дуудсан. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан, ямар боломж байсан мөн ямар сорилттой нүүр тулсан талаар мэдээлэл сонсч, мэдээллүүдээ солилцсоноор төрийн залгамж халаа энэ үед бэхэжсэн гэж оролцогчид дүгнэж байна. Өмнөх ТУЗ хэрхэн ажиллаж, юунд зорьж байсан одоогийн ТУЗ юунд зорьж байгаа хэрхэх хэрэгтэй дээр бүгд санал нэгдлээ. Сонсголоор хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Нөхцөл байдлын талаар хэлэлцэж, нэгдсэн нэг ойлголтод хүрч, дараагийн хийх алхмаа тооцоолох зорилготой байсан. Үүндээ ч хүрч, хөрөнгө оруулалтын гэрээ биш мөнгө хүүлэлтийн схем явагдсан, олон удаагийн гэрээний аль үед нь алдаж, хэзээ нь гэрээг сайжруулсан талаар хэлэлцлээ. Мөн Онтрегийн хоёр лиценз гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд дагалдуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний “бонус”-нд яваагүй гэх нэгдсэн ойлголтод хүрч, бид дахин нэг  хэлэлцээр эхлүүлэх шаардлагатайг санууллаа. 
Нөгөө тал харин сонсголыг анхнаасаа үл тоомсорлож, үл хүндэтгэл үзүүлж ирсэн. Үүнийгээ ч сонсголын үеэр илэрхийлж байсан нь шинээр томилогдсон гүйцэтгэх удирдлагын хариулт, сонсголын үеэрх нууцын тамгагүй ил захидлаас харагдаж байлаа.
Ямар ч байсан хоёр талаас ширээний ард суун, гэрээг үзэглэсэн цагаас эхлэн бид нэг завин дээр суусан. Цаашдаа ч энэ завин дээрээ багадаа 30 жил ихдээ 100 жил явна хэмээн тооцоолж буй. Иймээс бид бүх хөзрөө дэлгээгүй ч нүүдлийн цаадахыг тооцоолох сорилттой тулгарч байна. 
Өнгөрсөн хугацаанд сонсоод өнгөрсөн олон сонсголуудаас Оюутолгойн сонсгол ялгарах учиртай. 16 жилийн хугацаанд УИХ-аас дөрвөн ч удаагийн тогтоолын төсөл баталсан ч хэрэгжих явцдаа үе үеийн Засгийн газрууд хийх ёстой ажлууд дээрээ харьцангуй өөр, өөр хандаж ирсэн талаар сонсголын үеэр нэгэнт ил болсон. Иймээс Г.Занданшатарын Засгийн газар сонсголын үеэрх ил болсон мэдээллүүдээ нэгтгэн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард суухдаа илүү хянамгай байх үүрэг хүлээлээ. Зээлийн хүүг бууруулахын тулд, гэрээний нөхцлийг сайжруулах, дэлхийд данстай том төслөөс хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх манай талын, ард түмний хүсэл зорилгыг үр дүнд хүргэх чухал байна.