m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2025.12.16 10:16
172
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг

Хөдөлмөрийн баатар Ч.Хурцыг уул уурхайн салбар төдийгүй монголчууд нийтээрээ андахгүй. Тэрбээр өмнөх нийгмийн үед 1976-1982 онд Геологи, уул уурхайн яамыг анх байгуулахад 27 настайдаа орлогч сайдаар томилогдож байжээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсан 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайдаар ажиллаж байсан түүхтэй. Хожмоо шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа төрийн тэргүүнээр сонгогдон ажилласан.

Төрийн зүтгэлтнүүдийг орлогч сайдаар томилон амьдрал үзүүлдэг, ачаа үүрэх, ажил нугалах чадвар суулгадаг хар хайрцагны бодлого бидэнд байжээ. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, залгамж чанарыг хангахад энэ тогтолцоо үр дүнгээ үеийн үед өгсөөр ирсэн юм. Одоо цагт орлогч сайдыг дэд сайд хэмээн нэрлэх болсон бөгөөд үүрэг, хэм хэмжээг нь Засгийн тухай хуульд тов тодорхой заагаад өгчихсөн байдаг. Гүйцэтгэх засаглалд дэд сайдыг ажиллуулдаг жишиг дэлхийн улс орнуудад ч тогтсон жишиг.

Засгийн газрын сайдын ажлыг дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор олон улс оронд дэд сайд болон түүнтэй дүйх статустай албан тушаалууд бий. Нэршил нь янз бүр боловч эрх, үүрэг нь дэд сайдын статусаар салбарын бодлогын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, парламенттай харилцах харилцааг зохицуулахад чухал үүрэгтэй. Хөгжингүй орнуудад дэд сайдын алба тогтвортой хөгжсөөр иржээ. Үүнд Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Их Британи, Франц, Герман зэрэг орныг нэрлэж болно. Эдгээрээс Канад онцгой загвартай бөгөөд “Deputy Minister” буюу дэд сайд нь улс төрийн албан тушаалтан биш, харин яамны мэргэжлийн дээд удирдлага буюу төрийн жинхэнэ алба хаагч байдаг нь бусад орноос ялгаатай.

Азийн орнууд дотроос БНХАУ, Вьетнамд нэг яаманд олон дэд сайд томилон ажиллуулдаг жишиг ч бий. Вьетнамын олонх яам 3-6 дэд сайдтай байх нь түгээмэл бөгөөд тэд салбарын бодлого, хууль тогтоомж, хэрэгжилт, орон нутгийн удирдлага, олон улсын хамтын ажиллагаа зэрэг чиглэлийг тус тусад нь хариуцдаг. Үүнтэй ижил загвар БНХАУ-д бий. Хятадын яамд нэгээс дээш дэд сайдтай байдаг бөгөөд салбарын цар хүрээ, хүн ам, бүс нутгийн онцлогоос хамаарч томилох дэд сайдын тоо хамаарна. Индонез болон Тайланд зэрэг оронд бодлогын буюу санхүү, дотоод хэрэг, эдийн засаг, гадаад харилцаа хариуцсан яамдад хоёроос дээш дэд сайдтай ажиллах нь бий.

Монгол Улсын хувьд дэд сайдтай ажиллаж байсан жишиг бийг өгүүллийн эхэнд дурдсан. Өнөө цагт яамд дэд сайдгүй хэрнээ төрийн өмчийн компаниудад бүтээмжийн гэх нэртэй 400 менежер томилсон нь төрийг улам данхайлгасан гэдэг шүүмжлэл үнэний хувьтай.

Одоо томилсон байгаа 128 менежерийн зөвхөн цалингийн зардалд жил бүр 29 тэрбум төгрөг зарцуулдаг талаар УИХ-ын гишүүд шүүмжилсэн удаатай. Эдгээр 128 менежерийг цомхотгоод, 16 дэд сайд ажиллуулна гэж тооцвол зөвхөн цалин дээр төсвийн зардлыг 58 дахин хэмнэх тооцоо гарч байна. Олон улсад нэгэнт тогтсон жишиг болох дэд сайдтай ажиллах нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын уялдаа холбоо сайжирч, хамгийн гол нь төсвийн үрэлгэн зардлыг асар ихээр хэмнэх боломжтой юм.

Эх сурвалж: Өдрийн сонин