

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ УЕПГ-т гаргалаа. Хэргийн материалтай танилцах зөвшөөрөл зөвхөн ар гэрт нь олгогддог гэсний дагуу хохирогч эмэгтэйн нөхөр, хоёр охин өчигдөр 16 цагт Улаанбаатар хотод ирсэн юм. Зүрхний хурц дутагдлаар нас барсан гэх задлан шинжилгээний дүгнэлт гарсан ч гаднаасаа их хэмжээний гэмтэл, шарх сорвитой, түлэгдэлтийн сорвитой байснаас талийгаачийн ар гэр зүрхний дутагдлаар нас барсан гэх дүгнэлтэд итгээгүй. Нөгөөтэйгүүр монголд ажиллах таван сарын хугацаанд ар гэртэйгээ нэг ч удаа холбоо бариагүй, цогцос нь эх орондоо очихдоо зүрх, бөөрийг нь сугалж авч үлдсэн байсан талаар хохирогчийн ар гэрийхэн ярилцлагадаа дурьдсан юм.

14 жилийн өмнөх хэргийн үнэн мөнийг тодруулахаар, шударга үнэнг тогтооход туслахаар монголчууд сайхан сэтгэлийн гараа сунгаж, 60 гаруй сая төгрөгийн хандив цуглуулсан. Мөн "Глоб интернэйшнл" ТББ-аас үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр болсон юм.

Үүний хариуд харин Б.Эрдэнэбатын ар гэрийнхэн мэдэгдэл гаргажээ. 14 жилийн өмнөх хэрэг тухайн үедээ шийдэгдээд, зүрхний хурц дутагдлаар нас барсан. Үнэ хөлсгүй, боолчилж байсан гэдэг нь худал. Түүний гэр бүлийнхэн дарамталсны улмаас хэн нэгэн гишүүн зодож дарамталж хөнөөсөн нь ор үндэсгүй худал мэдээлэл хэмээжээ.

Хэдий Б.Эрдэнэбатын гэр бүлээс худал мэдээлэл гэж буй ч нэг удаагийн мэдэгдлээр гэм буруугүй болчихгүй. Гэрт нь ажиллаж байгаад зуурдаар нас барсан үйлчлэгчдээ хүн ёсоор хандаж, ар гэрт нь нэг удаа эмгэнэл илэрхийлээгүй гэдгийг ч хохирогчийн ар гэрийхэн хэлж байсан. Иймээс нэг удаагийн мэдэгдэл хийхээс илүүтэй төлбөр мөнгийг нь шилжүүлж байсан, хүн ёсоор хандаж байснаа баталж нотлох шаардлага үүсч байна. Амь насаа зуурдаар алдсан хэрэг хөөн хэлэлцэх хугацаа 20 жилдээ хүчинтэй. Иймээс ар гэрийхэн ирж хэргийн материалтай танилцаж, хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлвэл 14 жилийн өмнө нас барсан бүсгүйн үхлийн жинхэнэ шалтгаан илэрч, Б.Эрдэнэбатын гэр бүл цагаатгагдах эсэхийг шийдвэрлэнэ.
