
Сурагчдын өвлийн амралт эхэлсэнтэй холбоотой хүүхдүүдээ аваад дулаан орныг зорихоор "Хүннү айр" агаарын тээвэрт захиалга өгсөн 132 хүний нислэг гэнэт цуцлагджээ.

Өчигдөр буюу 12 дугаар сарын 15-нд Улаанбаатараас Хятадын Саняа хот руу аялахаар 132 хүн 17 цагт Хөшигт хөндийн нисэх онгоцны буудалд очжээ. Боардинг пассаа бичүүлж, гадаад пасспорт дээр штамб даруулаад нислэгийн MR817 дугаартай онгоцоор нисэх байсан ч нислэг нь таван цаг хойшилсоор гаалийн цаана 132-уулаа гацжээ. Учир нь 24 цагийн орчимд ийм дугаартай онгоц захиалагдаагүй байна гэж Иргэний нисэхийнхэн хэлжээ. Дулаан орныг зорих гэж байсан хүмүүс өвлийн дулаан гутал хувцсаа ар гэртээ өгөөд явуулчихсан байснаас аргагүйн эрхэнд нялх хүүхэдтэй, өвчний улмаас 108 нь буцаж, 24 иргэн хилийн завсар хоножээ. Таван хүний дунд нэг нөмрөг өгсөн нь 24 хүний дунд юу ч бололгүй даарч хөрч зутарч хоносон байна.
Хохирогч эмэгтэйн хэлж байгаагаар ""Хүннү айр" компаниас өнөөдөр өглөө 08:00 цагт хариу өгнө гэсэн ч одоог болтол ямар нэг хариу өгөөгүй одоо ч хилийн цаана гаалийн зурваст 24-үүлээ байна. Хэн ч уучлалт гуйгаагүй, бүртгэлийн ажилтнууд л бидэнтэй харьцаж байна. Бид 12 дугаар сарын 15-нд аялалд явахаар ажлаасаа чөлөө авч, төлбөр мөнгөө зохицуулсан ч одоог хүртэл төлбөр буцаах эсвэл явуулах эсэхийг шийдэж өгөөгүй байгаад гомдолтой байна.
Бид үүнийг Иргэний нисэх, "Хүннү айр" хоёр 100 гаруй хүний мөнгийг угааж байна гэж хардаж байна" гэсэн юм. Эдгээр хохирсон иргэдийн талаар бид эргэн мэдээлэх болно.


