
Мөнгөний нийлүүлэлт таван жилд 23 их наядаас 45.8 их наяд болж 2 дахин нэмэгджээ

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт өчигдөр үдээс өмнөх Эдийн засгийн байнгын хорооны нээлттэй сонсголоор дөрвөн цаг “байцаагдаж” өөрийн мөрийн хөтөлбөр, гишүүдийн асуултад хариулсан бол үдээс хойш мөн гишүүдийн асуултад хариулснаар түүнийг Төвбанкны ерөнхийлөгчөөр томилохыг ЭЗБХ-ны гишүүд дэмжлээ.
УИХ-ын гишүүдийн зүгээс нэр дэвшигч нь өмнө нь Сангийн яамд хариуцлагатай албан тушаал хашиж байсан, төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг “Эрдэнэс монгол”-ыг амжилттай ажиллуулсан, яг тохирох хүн мөн хэмээн тодорхойлсон.
Тэрээр “Миний хувьд Засгийн газарт хоёр чиглэлээр шууд бусаар орлогын дэмжлэг үзүүлж чадна гэдгээ илэрхийлсэн. Үүнд:
Нэгдүгээрт, Олон жил төв банкинд ипотекийн зээл хөтөлбөрийг мөнгө хэвлэж шийдэж ирсэн. Үүнийг үндэсний баялгийн сангийн хуримтлалын сангийн эх үүсвэрээр буюу бодит мөнгөөр санхүүжүүлж, зорилтот бүлэгт шилжүүлж ажиллах
Хоёрдугаарт, Макро эдийн засгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг бий болгох. Үүний хүрээнд мөнгө хэвлэх биш бодлогын болоод санхүүгийн дэд бүтцийг дэмжих замаар, дунд хугацаанд экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллана. Үүнээс бусад санхүүгийн төсвийн болон хагас төсвийн үйл ажиллагааг огт хэрэгжүүлэхгүй” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ө.Шижир "Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Монголбанк хамгийн их мөнгөтэй байсан. Гэвч өнөөдөр эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Инфляцийг зургаан хувьд барина гэх зорилт тавиад чадахгүй бол чадахгүй нь гэж хэлж чадах зоригтой байх хэрэгтэй" хэмээсэн юм.
Тэгвэл өнөөгийн Монголбанкны нөхцөл байдлыг авч үзвэл Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2020 оноос хойшхи зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт 23 их наядаас 45.8 их наяд төгрөгт хүрч, хоёр дахин нэмэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.4 их наядаар буюу 10.5 хувиар мөнгөний нийлүүлэлт өссөн байна.

Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх нь мэдээж инфляцийг хөөргөднө. Гэхдээ ханшийн уналт бүх хүнд ижил тэгш нөлөөлдөггүй. Мөнгөтэй хэсэгт нь ханшийн уналт нэг их мэдрэгдэхгүй, инфляцаас харин ч ашиг хүртэх боломж бүрдэх бол энгийн иргэн, ажилчин, хадгаламжтай хүмүүст ханшийн уналт улам бүр дарамтыг мэдрүүлж, төгрөгийн худалдан авах чадвар буурна. Үүнийг Эдийн засагч Р.Даваадорж “Төв банк мөнгө хэвлэх эсвэл хүү бууруулахад эхлээд банкууд, том компаниуд, хөрөнгийн зах зээлд орж, орон сууцны үнэ өсдөг. Баячууд ашиг хүртэнэ. Дараа нь энэ инфляци хүнс, шатахуунд нөлөөлж энгийн хүмүүс өндөр үнэтэй бараа авдаг.
Энэ эффектээс болж инфляци нь зөвхөн үнэ өсгөөд зогсохгүй, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг хэмээн үздэг” гэж тайлбарлалаа.
Өнөөгийн нийгэмд яг л ийм инфляцийн нөлөөнд хохирогчид түлхүү бий болж, нийгмийн тэгш бус байдал газар авсан. Иймээс шинэ ерөнхийлөгч төгрөгийн ханшийг тогтвортой байлгахыг уриа лоозон мэтхэн хүлээн авалгүй ажил хэрэгч хандах хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр жилээс жилд тэлж буй төсвийн бодлого, популизмын чанартай УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээг Төвбанк САНХҮҮЖҮҮЛЭХГҮЙ гэж зоригтой хэлж чаддаг зоригтой байхыг “ард иргэд” шинэ ерөнхийлөгчөөс хүсч байна.
