

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэд сайд нарыг томилно. Тодруулбал, 16 дэд сайдыг шинээр томилохоор болж, нам дагасан дараагийн ээлж албан тушаалд хүрэх нь. Засгийн газар оршин уу эс орших уу ид яригдах үеэр эсэргүүцэгч талд дэд сайд амласан нь өнөөдрийн хийгдэх томилгооноос харагдаж байна. Улсын төсөв жил ирэх тусам данхайж, төрийн албыг цомхон бүтэцтэй болгоно гэх яриа нь утаа мэт замхарлаа. Нөгөө талаас ирэх жил багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд ТАХ-дыг бүх шатанд есөн хувиар цомхотхож, 14 мянган иргэнийг төрөөс гаргахаар шийдсэн.
Энэхүү цомхотголд ихэвчлэн мөрөөрөө ажлаа хийж байсан харуул, үйлчлэгч нар өртөж байгаа бол дэд сайдын албан тушаал, түүнийг дагалдах бусад албан тушаалтан болох туслах, зөвлөх, жолооч нар хуулиас гадуур тооноор орж ирэх нь ээ.
Дэд сайдад яригдаж буй хүмүүсийн нэрстэй богц задалвал:
Эдийн засаг, хөгжлийн дэд сайдад С.Даваасүрэн,
Гадаад харилцааны дэд сайдад Г.Амартүвшин
Сангийн дэд сайдад Б.Хулан
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Д.Мөнх-Эрдэнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдад Б.Энхтүвшин
Батлан хамгаалахын дэд сайдад Д.Баасандамба
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдад Б.Мөнхтамир
Боловсролын дэд сайдад Д.Гантулга
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад Б.Солонгоо
Зам, тээврийн дэд сайдад Г.Ганболд
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдад Г.Дашням
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдад С.Энхболд нар яригдаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Б.Нямжав
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдад Г.Баярхүү
Эрчим хүчний дэд сайдад С.Далхаасүрэн
Эрүүл мэндийн дэд сайдад Г.Номин нар томилогдох товтой байна.
Дэд сайд ямар нэг тушаал шийдвэр гаргахгүй, үүрэг роль муутай ч эдлэх эрх ямба нь сайдын хэмжээнд. Ийнхүү төсөв нь тасарсан, эдийн засгийн гадаад дотоод аль аль орчин таамаглахын аргагүй хүнд нөхцөлд 18 дэд сайд, түүнийг дагалдсан бусад ажилтныг цалинжуулах үүрэг ард түмэн хүлээж байна.
