
Татварын нийт орлого энэ оны эхний 11 сард 23.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 835.8 тэрбум төгрөгөөр буурчээ. Орлогын албан татварын орлого 428.2 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.4 их наяд төгрөгөөр буурсан нь татварын орлого буурахад голлон нөлөөлснийг ҮСХ-оор танилцуулсан. Ийнхүү орлого буурч, төсөв гурван их наядаар тасалдсаныг УИХ-ын чуулган дээр гишүүд засгийн газартаа хэлж сануулсан ч цалин, урамшуулал хэвийн олгож байгаа гэх үгээр ам тагласан. Гэвч энэ амьдралд цалингаас гадна олон зардал гардаг гэдгийг ЗГ мартжээ.

Өнөөдрийн танилцуулсан статистик тоо баримтууд эдийн засаг хүндэрснийг баталж байна. Хямрал зөвхөн хувийн ААН-ийг бүчээд зогсохгүй төрийн байгууллагыг ч хамарчээ. Өнөөдөр төрийн байгууллага цалингаас өөр зардал гаргах эрхгүй, ажилтны шагнал урамшуулал, бичиг хэрэг, ахуйн гэхчилэн бусад зардлаа ч төлж дийлэхгүйд хүрч, үйлчлэгчид ар гэртээ авсан саван вокноосоо илүүчилж төрийг цэвэрлэж байна.
Төр хувийн аж ахуй нэгжээр хийлгэсэн ажил, бараа материал, тендрийн үлдэгдэл мөнгөө өгөлгүй луу унжиж, ирэх онд шилжүүлэх саналтай өдөр хоногийг аргацааж байгаа нь хувийн ААН-ийн санхүү доголдох хамгийн том хөшүүрэг болж байна гэхэд хилсдэхгүй.
Өнөөдөр 22 мянган ААН Татвар, НДШ-ийн өрнөөсөө болж дансаа хаалгаж, ажилтныхаа цалин, урамшууллыг ч шилжүүлэх эрхгүй сууж байна. Өдийд 5-6 мянган хүүхэд баярлуулах хандивын бэлэг ирдэг "Лантуун дохио" ТББ-т өнөөдөр 1000 бэлэг ч ирээгүй байгаа нь илүүчлэх байтугай өөрийгөө яая гэж байгаа өнөөдрийн бодит дүр зургийг илтгэж байна.
Өдөрт дунджаар нэгээс хоёр компани татан буугдаж байна гэх албан бус тоо хөвөрч, энэ тоо цаашид ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй суухад эдгээр компани руу чиглэсэн бодлого, эдийн засгаа аврах төлөвлөгөө, төр авсан үйлчилгээний зардлаа шилжүүлэх арга саам сүвэгчлэхийн оронд дампуурвал дампуураг бидэнд хамаагүй гэсэн шиг бүжиглэх нь холгүй хөөрцөглөж, дэд сайд нартаа бялүү хүртээж байгаа нь ариун явдал уу.
16 дэд сайд хэрэггүй. Чиг үүрэг, эрх мэдлийн хувьд ч үүрэггүй хэмээн өмнөх Засгийн газрууд улс төрийн энэ томилгоог халж байсан. Тэгвэл өмнөх Засгийн газраа сайжруулах амлалт, чиг өгөн байж үлдчихээд өмнөх алдаагаа давтаж 16 дэд сайд томилж буй Г.Занданшатар та амьдралаас, ард түмнээсээ хэт тасарчээ!
