

Өчигдөр О.Саранчулуун нарын 24 УИХ-ын гишүүн "Нийгмийн ажлын тухай " хуулийн төсөл санаачлан УИХ-н даргад өргөн барьсан. Энэ талаар О.Саранчулуун "Монгол Улсад 4000 орчим нийгмийн ажилтан ажиллаж байгаа. 17 их дээд сургууль 6600 гаруй нийгмийн ажилтан бэлтгэсэн хэдий ч 56.8 хувь нь мэргэжлийн салбартаа ажиллаж байна. Мэргэжлийн стандарт, тогтвортой санхүүжилт, хүний нөөцийн тогтвор суурьшил энэ салбарт дутагдаж байгаа. 1997 онд МУБИС-ийн сургалтын төв, 2000 онд сургуулиудад төсөл хэрэгжээд, 2015-2020 онд НҮБ-ын хүүхдийн сангийн төсөл хэрэгжсэнээр 660 гаруй ажилтан энэ салбарт бэлтгэгдсэн. Нийгмийн ажилтан өөрөө олон улсын байгууллагын дэмжлэгээр монголд нутагшсан.
Өнөөдөр 21 аймаг 330 сум 198 суманд нийгмийн ажилтны ажлын байрны дутагдалтай байна. Хүний нөөцийн дутагдал маш их байна. Учир нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулъя гэвэл мэргэжлийн сургуулийг нь төгссөн байх, цалин хөлс өрсөлдөхүйц байх, карьер хөгжил нь баталгаатай бус байна. Тэгвэл олон улсад нийгмийн ажилтан өөрийн гэсэн стандарттай байдаг. Улс орны насны бүтэц өөр өөр учраас зарим орон ахмад настан олонтой бол ахмад настан руу чиглэсэн нийгмийн ажилтан, зарим орон хүүхэд залуус олонтой бол хүүхдэд чиглэсэн үйлчилгээ рүү давамгайлдаг. Монгол Улсын хувьд хүүхэд хамгааллын салбараабэхжүүлэхийн тулд үүссэн түүхтэй. 30 жилийн дараа тэгвэл төрийн албанд ажилладаг 4000 гаруй, хувийн салбарт ажиллаж буй 2000, нийт 6000 гаруй нийгмийн ажилтнаар дамжуулан нийгмийн халамж хамгааллын ажил хүрч байна. Гэвч хөгжил, чадварт чиглэсэн үйлчилгээ, өвчин эмгэг туссаны дараа эргээд амьдралд орох амин чухал хэрэгцээ дутагдалтай хэвээр л байна.
Тиймээс УИХ-ын 24 гишүүн бид нийгмийн ажлын тухай анхдагч хуулийг санаачлан өчигдөр өргөн барилаа. Салбар бүрт харилцан адилгүй байгаа мэргэжлийн тодорхойлолтыг ойлгомжтой болно. Шилжилтийн төлөвлөгөөг хамгаалах замаар нийгмийн хамгааллын чанарыг сайжруулах гэхчилэн хэд хэдэн асуудал шийдэхийн тулд бие даасан хууль байх нь зүйтэй гэх судалгаанд үндэслэлээ. Энэ хууль нь 7 бүлэг 49 заалттай" гэлээ.
