

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.18/ нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт албан тушаалаас чөлөөлж, Санжаагийн Наранцогтыг томилов.
С.Наранцогт нь 1973 онд Дундговь аймагт төрсөн, Монгол Улсын Их Сургуулийн Физик, математикийн сургуулийг физикч, математикч мэргэжлээр 1994 онд төгсөж, 1999-2001 онд тус сургуульд магистрын зэрэг, 2005-2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
С.Наранцогт нь:
1993-1997 онд: ШУА-ийн Математикийн хүрээлэнд туслах эрдэм шинжилгээний ажилтан
1994-1997 онд: Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженер
1997-2000 онд: Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
2000-2003 онд: “Айси” ХХК-д ерөнхий менежер
2003-2005 онд: Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
2008-2012 онд: БСШУЯ-нд газрын дарга
2012-2015 онд: Хөдөлмөрийн яаманд газрын дарга
2015-2017 онд: Сангийн яаманд газрын дарга
2017-2021 онд: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
2021-2022 онд: Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд
2022 оноос хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдов.
Шинээр томилогдсон Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтод өмнөх Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн баяр хүргэж, ажлын амжилт хүсэж, албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөв.



