Үндэсний аюулгүй байдал, эх оронч үзэл, оюутан залуусын манлайллыг бэхжүүлэх зорилготой “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба оюутан цэргийн манлайлал” сэдэвт эрдэм шинжилгээ, хэлэлцүүлгийн чуулга уулзалт яг одоо Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын “Их танхим”-д өрнөж байна.
Чуулга уулзалтын эхэнд Монгол цэргийн музейн болон зэвсэг техник, цэргийн үйл ажиллагааны үзэсгэлэнг оролцогчдод танилцуулж, үндэсний аюулгүй байдал, иргэний хамгаалалт, батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Үүний дараа чуулга уулзалт “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба төрийн бодлого” сэдвээр Батлан хамгаалахын дэд сайд хошууч генерал Д.Баасандамба илтгэл тавьснаар өрнөж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төрийн бодлого, оюутан цэргийн сургалтын ач холбогдол, эх оронч хүмүүжил, залуусын манлайллын асуудлаар шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөллүүд үргэлжлүүлэн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Тухайлбал, “Эх оронч монгол хүний сөрөн тэсвэрлэхүй Оюутан-цэрэг сургалт”, “Цэргийн алба – амьдралын их суурь” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэлүүд танилцуулагдлаа.
Мөн “Оюутан-цэрэг” сургалтын үр дүн, төгсөгчдийн оролцоо, залуусын эх оронч үзэл, эрүүл мэнд, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр “Оюутан цэргүүд үлгэрлэн манлайлъя” уриалгыг хэлэлцэн баталсан нь арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүлсэн юм.
Чуулга уулзалт хүндэтгэлийн тоглолтоор үргэлжилж байна.