m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2025.12.19 10:36
175
Цэргийн чуулгын хамт олон чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ажлуудаа дүгнэлээ
Алдар гавьяаны хос одонтой, 1945 оны дайнд оролцсон цорын ганц мэргэжлийн урлагийн байгууллага болох Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон Чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ойг Засгийн газрын 189 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаал шийдвэрүүдийн дагуу 2025 оныг “Дайнд оролцсон дайчин чуулга” уриан дор соёл, урлаг, соён гэгээрүүлэх, олон нийтийн ажлуудыг зохион байгуулсан байна.
Чуулгын хамт олон тус ойн хүрээнд “Ялалт дархалсан намар” талархлын тоглолтыг Төрийн цэргийн байгууллагууд, Улаанбаатарын хотын 9 дүүрэг, 17 аймаг, алслагдсан цэргийн анги салбарт болон 2300 үзэгчдэд эх оронч үзэл, үндэсний бахархалыг сэргээх ажлыг соёл урлагийн тайз дэлгэцээр дамжуулан хүргэлээ.
Мөн Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, үдшийн цэнгүүнийг ОХУ-ын Агаар сансрын хүчний дуу бүжгийн чуулгатай хамтран Сүхбаатарын талбайд зохион байгуулсан билээ.
Түүнчлэн ОХУ-ын “Спасская башня” Олон Улсын цэргийн хөгжмийн наадамд Монгол Улсыг төлөөлөн анх удаа 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, Москва хотын Улаан талбай болон бусад түүхэн газруудад нийт 22 удаагийн тоглолт, Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Буриад Улсад бүрэн хэмжээний хүндэтгэлийн тоглолтыг тус тус амжилттай зохион байгуулж Монгол улсын цэргийн соёл урлагийг олон улсад сурталчилсан байна.
Соёл олон нийт, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд номын баяр, чуулга уулзалт, хүүхэд багачуудыг хөгжүүлэх, ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зэргийг өөрийн байранд болон бусад газруудад 24 удаа зохион байгуулсан байна.
Энэ хугацаанд чуулгын уран бүтээлчдээс улсын болон олон улсын уралдаан тэмцээнд оролцож нийт 13 шагналыг хүртсэн амжилтыг үзүүлээд байна.
Үзэгчдийн үйлчлүүлэх, алба хаагчдын ажиллах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Үзвэрийн их танхим, Угтвар танхимуудын дотоод урсгал засварын ажлыг 100 хувь гүйцэтгэн, тайз болон “Соёмбо” танхимд LED дэлгэц шинээр угсран ашиглалтад оруулж, үзэгчдийн сандлыг шинээр суурилуулснаар техник хэрэгслээр бүрэн хангагдаж, үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоо бүрдсэн.
Батлан хамгаалахын сайдын тоот тушаалаар Амжилт ололтоо дүгнэж буй баярын энэ өдөр чуулгын бие бүрэлдэхүүнээс Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн “Бид ялав” медалиар 10 ажилтан алба хаагч, ОХУ-ын Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн медалиар 10 ажилтан алба хаагч шагнагдлаа.
Мөн энэ үеэр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Чуулгын уран сайхны удирдаач хошууч Л.Баттөрд албан тушаалын зэрэглэлийн “Дэд хурандаа” цол, Найрал дууны албаны дуучин Г.Уянгад албан тушаалын зэрэглэлийн “Дэд ахлагч” цол олгогдсныг ЦДБЭЧ-ын дарга, СГЗ, хурандаа Г.Золзаяа, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин, БХЯ-ны Хүний нөөцийн асуудал хариуцсан шинжээч, Дэд хурандаа Д.Үүрцайх нар гардуулан өгч баяр хүргэлээ.