

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Тус систем нь шүүхийн үйл ажиллагаа, үйлчилгээ, удирдлагын мэдээллийг нэгтгэсэн орчин үеийн цахим платформ бөгөөд системийг нэвтрүүлснээр шүүхийн үйлчилгээ иргэд, олон нийтэд ил тод, хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүрэх нөхцөл бүрдэх юм.
Шүүх эрх мэдлийн байгууллагууд 1989 оноос мэдээллийн технологийг нэвтрүүлж, өнгөрсөн хугацаанд 20 гаруй программ системийг ашиглаж ирсэн ч өнөөгийн хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан удирдлага, байгууллагуудын уялдаа холбоо, иргэн төвтэй цахим үйлчилгээний стандартыг бүрэн хангаж чадахгүй байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 онд “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээний удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх бодлого”-ыг баталж, Олон Улсын цахим шүүхийн сайн туршлагад тулгуурлан 2023 онд цахим шүүхийн энтерпрайз архитектур, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, санхүүжилтийг УИХ-аар батлуулснаар 2024 оноос Цахим шүүх 2.0 цөм системийн хөгжүүлэлт албан ёсоор эхэлсэн.
Системийг туршин нэвтрүүлэх, хөгжүүлэх ажлыг 2025 онд үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд өмнө нь ашиглаж ирсэн харилцан уялдаагүй, гар ажиллагаа ихтэй, хязгаарлагдмал системүүдийг нэгтгэж, инновац, мэдээллийн технологид суурилсан удирдлага, үйлчилгээний шинэ тоног төхөөрөмжөөр шүүхүүдийг хангаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхэд 835 суурин, 150 зөөврийн компьютер, 47 галт хана /firewall/, гурван үйлдэлт 210 принтер, өндөр хурдны 98 сканнер, тоон гарын үсгийн 650 токен төхөөрөмж, вирусийн программ хангамжийн 2000 лицензийг тус тус худалдан авч хуваарилсан бөгөөд "Цахим шүүх 2.0" цөм системийн техник хангамж болон сүлжээний дэд бүтцийн бэлэн байдлыг хангав. Ингэснээр хяналт-шинжилгээ, үнэлгээний дэвшилтэт тогтолцоо бүрдэж, ажлын бүтээмжийг бодитой хэмжиж, шүүхийн байгууллагуудын хүний чадавх дээшилнэ.
Цахим шүүх 2.0 цөм систем хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн цахим архив, олон нийтэд зориулсан нэгдсэн портал, өгөгдөл солилцох дэд бүтэц, дотоод удирдлага, шүүхийн захиргааны үйл ажиллагаа гэсэн 7 үндсэн дэд системээс бүрдсэн цогц бүтэц бөгөөд Төрийн бүтээмжийг өсгөх, шүүхийн төсвийн үр ашгийг нэмэгдүүлж, ил тод байдлыг сайжруулах замаар авлигын эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдолтой систем юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны тогтоолоор тус цөм системийн цахим платформыг e-court.mn платформ хаягаар нэвтрэхээр шийдвэрлэж, шүүхийн цахимжилтын шинэ стандартыг тогтоосноор шүүхийн тогтоол шийдвэртэй холбоотой бүх үйл явц бүрэн цахим орчинд явагдаж байна.
Мөн Төрийн болон бусад байгууллагуудын мэдээллийн системтэй холбогдож, өгөгдөл солилцох нөхцөл бүрдсэнээр нотлох баримт бүрдүүлэх, мэдээлэл шалгах, лавлагаа авах ажиллагаа илүү хялбар найдвартай болж, шүүхийн цахим архив бүрдэж, хэрэг болон баримт бичгийг урт хугацаанд аюулгүй хадгалж, хайлт хийж ашиглах нөхцөлийг бүрдүүлж байна.
Цөм систем нэвтэрснээр иргэдийн хувьд шүүхэд хандах, хэргийн явцын мэдээлэл авах, баримт бичиг илгээх, шүүхийн шийдвэртэй танилцах зэрэг үйлчилгээг цахимаар авч, цаг хугацаа, зардал хэмнэх боломж нээгдэж байна.
Шууд дамжуулалт:
